Н.Наранбаатар: Э.Оюун гуай бол театрын ёс зүйг яс баримтлуулагч хүн байсан

Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан "Би эндээс явахгүй" уянгын драмын талаар УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Би эндээс явахгүй" жүжиг маргаашнаас эхлээд гуравдугаар сарын 10-ыг хүртэл УДЭТ-т ажлын өдрүүдэд 19:00 цагт, амралтын өдрүүдэд 18:00 цагт тоглогдоно.Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун нь 1958 онд С.Нинжбадгартай хамтран “Би эндээс явахгүй” драмын жүжгийг бичиж эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойн найруулгаар театрт тайзны бүтээл болгожээ. Жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ.
Харин энэ жүжгийг Монгол Улсын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар хоёрдугаар сарын 27-нд дахин үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд “Манай театр жил бүр уламжлал болгон нас тэгширсэн ахмадуудынхаа ойг тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор энэ онд нэлээд уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаагийн нэг бол “Би эндээс явахгүй” жүжиг билээ. Харин энэ жүжгээ хоёрдугаар сарын 27-нд буюу Э.Оюун гуайн төрсөн өдрөөр нээхээр төлөвлөсөн.
Уг жүжиг нас тэгширсэн ахмадууддаа зориулан өнөөдөр театрт ажиллаж буй залуу үеийн уран бүтээлчдээс барьж буй бэлэг гэж хэлж болно” гэв.
Монгол Улсын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Би эндээс явахгүй жүжиг"-ийн маань эхний гурван өдрийн тоглолтын билет дууссан. Аливаа урлаг өөрөө сахилга бат дэг журам дээр суурилаж байж сайн уран бүтээл төрдөг. Тиймээс театрын уран бүтээлчдийн сахилга бат дэг журам дээд цэгтээ байдаг.
Харин Э.Оюун гуай бол театрын ёс зүйг яс баримтлуулагч хүн байсан. Яагаад ёс зүйг баригч гэжхэлж байгаа юм бэ гэхээр үүнд хүн чанар, хүн байхын тухай асуудал гарч ирдэг. Уран бүтээлч хүн өөрөө хүн байж, хүн гэж хэлэгдэх тэр чанаруудыг өөртөө шингээсэн байж хүмүүст сайн сайхны тухай хүргэдэг болохоос өөрийн муу чанараа ихдүүлсэн хүн сайн уран бүтээл хийж чадахгүй. Үүнийг Э.Оюун гуай театрт бий болгож орчин үеийн театрын суурийг тависан юм.
Э.Оюун гуайн “Би эндээс явахгүй” жүжгийг яагаад сонгосон бэ гэвэл 1958 оны нийгмийн амьдралыг харуулсан бүтээл юм. Харин тэр үед гаргасан анхны санаа нь өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ