Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй хүмүүст хариуцлага тооцох уу?

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуульд заасны дагуу энэ жилулсын хэмжээнд нийт 40,073 төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т бүртгүүлэх ёстой. Үүнээс 40,067 албан хаагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн талаар өчигдөр АТГ-аас мэдээлсэн.

Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах 271 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлсэн байна. Ийнхүү нэг мэдүүлэг гаргагч огт мэдүүлээгүй, гурван албан тушаалтан ХОМ-ээ мэдүүлээгүй аж. Мөн гурван албан тушаалтан хугацаа хоцорч мэдүүлсэн гэв. Тиймээс эдгээр хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой байгаа.

АТГ-аас Прокурорын тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, улсын орлогод авч, нийтийн эрх ашгийг хамгаалуулахаар прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар дөрвөн этгээдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах асуудлаар шүүхэд хандах хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж.

Чухамдаа жирийн иргэд бид НӨАТ болон бусад тайлангаараа хөрөнгө орлогоо хангалттай тайлагнаж, мэдүүлсэн байхад төрийн томчууд, удирдах албан тушаал эрхлэгчид ямагт сүүл мушгих юм. Өөрөөр хэлбэл, АТГ-аар шахуулж шаардуулж байж мэдүүлж байх жишээний.

ХОМ дэлгэхгүй байгаа шалтгааныг “оффшорын эсрэг” гэж нэрлэгдэж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлийг урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбож зөвтгөж болох юм. Тус хуульд зааснаар, нийтийн албан тушаалтан оффшор бүсэд эзэмшиж байсан хөрөнгөө зарж, хувьцаагаа борлуулж, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөө бусдад зарж шилжүүлсний дараа хөрөнгөө АТГ-т мэдүүлэх учиртай.

Авлигатай тэмцэх газар 2007 онд нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж, нягталж, шалгадаг болсноос хойш 11 жил өнгөрч байна. Төрд ажиллаж, татвар төлөгчдийн халааснаас цалинжиж байгаагийнхаа хувьд “төрөөс хумслаагүй” гэдгээ нотолж албан тушаалтнууд жил бүр хөрөнгө орлогоо тус газарт шинэчлэн мэдүүлдэг.

Мэдүүлгийг нь АТГ гурван сарын хугацаанд шалгаад төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын хэмжээг олон нийтэд мэдээлдэг. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн гишүүдээс авахуулаад Улсын дээд шүүхийн шүүгч нар, шүүхүүдийн ерөнхий шүүгч нар, Улсын ерөнхий прокурор түүний орлогч нар, УИХ-ын 76 гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга, яам, агентлагийн удирдлагуудын хөрөнгө чинээг иргэд жил бүр хянах боломжтой болно.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ