“Бүргэдийн баяр” энэ сарын 4,5-нд болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын бүргэдийн баяр”-ын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус баяр энэ сарын 4, 5-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох аж.

Энэ жилийн баярыг БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис хааны хүрээ” компани болон “Монголын бүргэдчид холбоо” хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн “Бүргэдчин охин” нэрээр алдаршсан Н.Айшолпан, түүний аав бүргэдчин Р.Нургайв нар урилгаар хүндэт зочноор оролцох аж.

Сонирхуулахад, бүргэдийн баярыг тэмцээн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагдах юм.

Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулах гэнэ.

Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж, бүргэдийн агнах чадварыг шалгадаг. Монголд одоогоор 400 гаруй бүргэдчин байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ