"Гэр хорооллын иргэдийг газар дээрээ бизнес эрхлэх боломжоор хангаж өг"


"Гэр хороолол" хөдөлгөөнөөс өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа.
Тус хөдөлгөөний ерөнхий зохион байгуулагч Я.Мөнгөнцэцэг "Монгол Улсын иргэдийн 90 гаруй хувь гэр хороололд амьдарч байна. Тиймээс улс орноо хөгжүүлэе л гэж байгаа бол гэр хорооллоос л эхлэх хэрэгтэй. Өчнөөн жил тэмцээд, их мөнгө зарцуулаад, дарга нарын бизнес болчихоод байгаа энэ утааны асуудлаас гарах хамгийн хурдан бөгөөд оновчтой арга бол гэр хорооллыг хөгжүүлэх явдал.
Гэр хорооллын иргэдийг газар дээрээ бизнес хийх боломжоор хангаж өгөөч ээ. Гэр хороолол руу төвийн дулаан, ус татаад өгчихвөл айлууд 5, 10-аараа нэгдээд таунхаус барьж ороод үлдсэн газраа үнэтэй орон сууцанд орж чадахгүй байгаа нийгмийн дундаж давхаргынханд худалдах юм. Ингээд дэм дэмэндээ хөгжөөд эхэлбэл гэр хороололд л байгаа ядуурал, ажилгүйдэл гээд олон асуудал шийдэгдэх боломж байна.
Ийм гарц гаргалгаа байхад утааг бууруулахад 10 их наяд төгрөг зарцуулна гээд яриад сууж байх юм. Тэр мөнгөө гэр хорооллын хөгжилд зарцуулж, хууль эрхзүйн орчинг бүрдүүлээд өгөөч ээ л гэж хүсч байна" хэмээн ярилаа.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ч.Энхцэцэг "Манай хороонд дахин төлөвлөлтөд орж, амьдрах орчноо сайжруулах хүсэлтэй 240 гаруй иргэн байгаа. Өмнөх засгийн үед 96 айл дахин төлөвлөлтөд орохоор болж зураг төсөл нь гарчихсан байсан боловч засаг солигдоод л энэ асуудал таг болсон.
Гэр хороололд амьдарч байгаа биднийг хотын утааны эх үүсвэр, хөрс шороог бохирдуулагч гээд л ад үздэг. Дулаан байшинд халуун хүйтэн устай, тав тухтай амьдрахыг хүсэхгүй хэн байх юм бэ. Их хэмжээний бэлэн мөнгөгүй бидэнд цахилгаан халаагуур лизенгээр авах боломж ч болтугай гаргаж өгөөч. Бид тав тухтай амьдрахын тулд хаана хэнд хандахаа мэдэхгүй байна. Тиймээс тухтай амьдрах хүсэлтэй байгаа манай хорооны төлөөлөл өнөөдрийн жагсаалд оролцохоор ирсэн" гэлээ.
"Гэр хороолол" хөдөлгөөнөөс энэ сарын 9-ний өдөр СТӨ-нд "Гэр хорооллын үндэсний III чуулган"-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганаар төр засаг, хотын захиргаанд өгөх шаардлагын төслөө хэлэлцэн баталж, үргэлжлүүлэн Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ