Иргэн таны 1072 хувьцаа “амилсан" 7 хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
Улс төрд
Ж.Батзандан: Эрлэг рүү С.Баяртай явах сонирхол алгаУИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "С.Баяр гэдэг хүн Англи улсад Элчинд сайдын статустай. Гэхдээ сонгууль болохоор ирж эрх баригч намыг удирддаг. С.Баяр гуай надад их гомдсон утгатай захидлыг битүүний өдөр явуулсан. Миний нас залуу, хүүхдүүд минь бага байна. Эрлэг рүү С.Баяртай явах сонирхол алга.
С.Баяр Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан ажиллагаанд оролцсон гэж хэлсний төлөө намайг шүүхэд өгнө гэж байна. Энэ үйл явдал С.Баярыг Ерөнхий сайд байхад болсон. Тэгэхээр оролцсон байх магадлалтай" гэлээ.
ЗГ "Эрдэнэт"-ийн асуудлаарх асуулгад хариу өгөв
Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ''Стандарт'' банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуултын хариуг Засгийн газар хүргүүлэв.
Д.Гантулга гишүүнийг цагдан хорих боломжгүй гэж үзэв
УИХ-ын гишүүн Д.Гантулга 2017 оны зургаадугаар сард 25 настай бүсгүйг хүчиндсэн хэрэгт холбогдсон билээ. Нийслэлийн прокурорын газраас энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр түүнийг яллагдагчаар татах тогтоол гаргасан тухай олон нийтэд мэдээлсэн.
Шүүх хурал хоёрдугаар сарын 23-ны өдөр болж прокурорын саналыг хүлээн аваагүй байна. Учир нь шүүх Д.Гантулга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас сэжигтнээр цагдан хорих боломжгүй гэж үзжээ.
“Ард түмэн баялгийнхаа эзэн нь болох нөхцөл бүрэлдэхгүй байна”
Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аденауэр сан хамтран “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Өнөөдрийг хүртэл бид баялгийн засаглал буюу ард түмэн баялгийнхаа эзэн нь болох боломж, нөхцөл хараахан бүрэлдэж чадаагүй байна гэж үзэж байгаа.
Монголчуудын байгалийн баялаг бол гурван сая хүнийх бус маш цөөхөн хүний эрх мэдлээрээ олж авдаг арга хэрэгсэл болж байгаа нь нууц биш болсон. Тэр арга хэрэгсэл, үе, үеийн Засгийн газрын засах гэж оролдож байгаа тэр алдаа бол лицензийн асуудал. Сүүлдээ баялгийг ашиглах гэдэг нь баялгийг өмчлөх асуудал болж хувирч байгаа” гэв.
Ерөнхий сайд "2018 оны төсөвт тодотгол хийхгүй" гэж мэдэгдэв
МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд намынхаа анхан шатны үүрийн дарга нартай уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “2016 оны сонгуулийн дараа 1.2 хувийн өсөлт бүхий эдийн засагтай улс орныг МАН хүлээж авсан. Жил хагасын хугацаанд шантралгүй ажилласны үр дүнд 2017 оныэцсээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрлээ. Энэ жил “Төсвийн тодотгол” хийхгүй байхаар шийдвэрлэсэн” гэв.
ОХУ-Монголын ЗГ хоорондын хуралдаан болов
Москва хотноо хоёрдугаар сарын 26-28-нд үргэлжилж буй Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар хуралдаан болж өндөрлөлөө.
Энэ үеэр Оросын харилцааг илүү үр ашигтай болгоход хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааг өргөжүүлэх болон зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг асуудлаар санал нэгдсэн байна.
"Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах нь хууль зөрчөөгүй гэж үзэв
Үндсэн хуулийн цэц "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлаар гаргасан шийдвэрээ танилцуулсан. Үндсэн хуулийн цэц дээрх асуудлаар хэлэлцэж "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах УИХ-ын 23 дугаар тогтоол нь үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ. Учир нь "Монголын зэс корпораци" 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна хэмээн тайлбарлав.
"Одоо л эрс шийдэмгий хөдлөхгүй бол бидэнд цаг алга"
Энэ долоо хоногт "Эх орончдын өдөр" тохиолоо. МАН-ын дарга, гишүүд энэ өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “"Зориг эс хүрвээс Ухаан эс хүрнэ" гэж сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж эрс шийдэмгий хөдлөхгүй бол бидэнд цаг алга. Хамгийн гол нь Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах учиртай.
Намууд нь зөв бодлоготой, улс төрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй, иргэд олон түмэн нь ирээдүйдээ итгэлтэй өөдрөг байж Монгол сайхан эх орныхоо төлөө хамтдаа зүтгэе" гэв.
"Эрдэнэс Тавантолгой" -н 1072 хувьцаа “амилав”
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж, тус компанийн баланс дээрх 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна. 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийг бүртгэснээр өмч баталгаатай болж хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломж бүрдэх хэмээн ТУЗ нь үзсэн байна. 'Эрдэнэс Тавантолгой' өнгөрсөн онд 438 тэрбумын ашигтай ажиллажээ. Тус компани Чалкогийн өрийг өнгөрсөн онд бүрэн барагдуулж дууссан аж.
Нийгэмд
"Гэр хорооллын иргэдийг газар дээрээ бизнес эрхлэх боломжоор хангаж өг"
"Гэр хороолол" хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа. Тус хөдөлгөөний ерөнхий зохион байгуулагч Я.Мөнгөнцэцэг 3Гэр хорооллын иргэдийг газар дээрээ бизнес хийх боломжоор хангаж өгөөч ээ. Гэр хороолол руу төвийн дулаан, ус татаад өгчихвөл айлууд 5, 10-аараа нэгдээд таунхаус барьж ороод үлдсэн газраа үнэтэй орон сууцанд орж чадахгүй байгаа нийгмийн дундаж давхаргынханд худалдах юм. Ингээд дэм дэмэндээ хөгжөөд эхэлбэл гэр хороололд л байгаа ядуурал, ажилгүйдэл гээд олон асуудал шийдэгдэх боломж байна” гэлээ.
Булган аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Булган аймгийн Бугат, Булган суманд шүлхий гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Тус аймгийн төвөөс 18 км зайд айлын хотноос шүлхийн сэжиг бүхий тохиолдол илэрч, улмаар хөл хорио тогтоогоод байсан билээ.
Шүлхийн сэжиг бүхий тохиолдол илэрсэн малаас шинжилгээ авч, дээжийг нь шинжлүүлсэн бөгөөд шинжилгээний хариугаар шүлхий мөн болох нь батлагджээ. Иймд хорио цээрийн дэглэмийг чангатгаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор зогсоолоо. Мөн дайран өнгөрөх цэгүүдэд ариутгал, халдваргүйжилтийг эрчимжүүлээд байна.
Дэлхийд
Оростой дайтахаар бэлтгэж байна
Украин улс Оросын зүгээс хийхээр зэхэж байгаа түрэмгийллийг няцаахаар бэлтгэж байгааг тус орны зэвсэгт хүчний жанжин штабын дарга Виктор Муженко мэдэгджээ. Украины “Радио Свобода” албанд өгсөн ярилцлагадаа тэрээр ингэж мэдээлсэн байна.
ОХУ гурван жилийн дараах өргөн цараатай дайнд бэлтгэж байна хэмээн шинжээчид тооцоолсныг “Известия” сонинд бичжээ. "Украин одоо ч, маргааш ч, долоо хоногийн дараа ч, гурван жилийн дараа ч, ерөөс Украины эсрэг ийм аюул занал байхгүй болох тэр мөчийг хүртэл бэлэн байх ёстой" гэж Муженко тэмдэглэжээ.
Пак Гын Хэг 30 жил хорих ялаар шийтгэхийг хүсэв
Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хэргийг шалгаж байгаа прокурорууд түүнд 30 жил шоронд хорих ял, 118.5 тэрбум воны торгууль оноохыг шүүхээс хүсчээ.
Одоо 66 настай Пак Гын Хэг өнгөрсөн оны гуравдугаар сард албан тушаалаас нь огцруулж, улмаар сарын дараа баривчилж, авлига, төрийн нууц задалсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг нийт 18 төрлийн хэрэгт буруутгажээ.
Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг сэргээв
Олон улсын олимпийн хороо (ОУОХ) Оросын олимпийн хорооны (ООХ) гишүүнчлэлийг сэргээжээ. Телевизийн РБК суваг ОУОХ-ны гишүүн Шамиль Тарпищевын хэлснийг иш татан ингэж мэдээлсэн байна.
“Манай тамирчид цэвэр болохыг тэдэнд хийсэн шинжилгээний бүх хариу харууллаа. Процедурын хувьд Орос улс юу ч хийх хэрэггүй. ООХ-ны гишүүнчлэлийг шууд сэргээсэн юм. ОУОХ-нд хэлэх ямар ч зэмлэл байхгүй” гэж Тарпищев мэдэгджээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ