Спортын төрөлжсөн “MNB sport HD” суваг нээгдлээ

МҮОНРТ-ийн гурав дахь суваг болох “MNB sport HD” спортын төрөлжсөн сувгийн албан ёсны нээлт өнөөдөр /2018.03.05/ боллоо. Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон олимпийн хүрэл медальт, Ардын багш,Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, гавьяат тамирчин,олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, олимпийн мөнгөн медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт МУГТ Д.Отгондалай нарын олимпийн медальтай тамирчид оролцов.

“MNB sport HD” сувгийн уран бүтээлчид хүн ардын бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын зөв хэвшлийг нийтлэл нэвтрүүлгээр уриалахыг зорьжээ. Мөн тив дэлхийн болон эх орондоо зохиогдож буй спортын уралдаан тэмцээнүүдийг цаг алдалгүй, уран сайхны өндөр түвшинд дамжуулан үзүүлэх аж.

“MNB sport HD” сувгийн уран бүтээлчид энэ онд ОХУ-д болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Энэхүү тэмцээнийг угтан үндэсний шилдэг тайлбарлагч, хөтлөгч шалгаруулах зорилгоор “Би спортын хүн” төслийг эхлүүлсэн байна. Цаашид спортын бусад төрлөөр шилдэг тайлбарлагч, сэтгүүлч, хөтлөгч нарыг шалгаруулж ажлын байраар хангаж ажиллах аж.

“MNB sport HD” суваг өглөөний 06.00 цагаас үдшийн 00.00 цаг хүртэл 18 цагийн хөтөлбөрийг үзэгч олонд хүргэх бөгөөд ажил мэргэжлийн туршлагатай зураглаач, сэтгүүлч, найруулагч, инженер техникийн 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ