"С.Баяр, Д.Сугар нарыг албан тушаалаас нь эгүүлэн татах хэрэгтэй"

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банканд барьцаалсан асуудалтай холбогдуулан Олон Нийтийн Зөвлөлийн гишүүн Б.Анхныбаяр "Эрдэнэт үйлдвэрийг аливаа нэгэн бизнес эрхлэгч болон тус газрын удирдлагууд ямар нэгэн зээлийн барьцаанд гаргах хуулийн эрх мэдэл байхгүй.

Эрх мэдлээ урвуулан ашиглаж Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан этгээдүүдийг АТГ мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэх үүрэгтэй. Энэ хэрэгт тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Сугар, Ганзориг, Очирхүү, Ш.Батхүү нар нь санаатайгаар эх орноосоо урвасантай дүйцэхүйц хэмжээний гэмт хэргийг үйлдсэн.

АТГ Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан дээрх нэр бүхий этгээдүүдийг өнөөдрийг хүртэл шалгахгүй байна. Шалгасан ч хуулийн боломжит хугацаа маш удаанаар, хаацайлсаар ирсэн. Иймд АТГ-ын дарга үүргээ биелүүлээгүй учраас огцрох ёстой гэж бид үзэж байна.

Мөн Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс, С.Баярыг Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайдаас нь тус тус эгүүлэн татаж шалгах хэрэгтэй. Эдгээр хүмүүс нь авлигын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болчихоод байгаа" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ