Мартах учиргүй "Март 8"

Маргааш Мартын 8. Энэ бол эмэгтэйчүүдийн баярын өдөр. Угтаа бүр өмнөх зуунаас, дэлхий ертөнц үзэл суртлын хананы наана, цаана хуваагдан амьдарч байх үеэс уламжилсан Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр боловч тэмцлийн гэхээсээ баярын өдөр болон заншжээ.

Үзэл суртлын, тэмцлийн агуулгатай байсан энэ баярыг сүүлийн үед арилжааны утгаар улам бүр дөвийлгөн тодруулж, худалдаа үйлчилгээний байгууллагууд борлуулалтын маркетингдаа ашиглах болсноор бүүр ч том баяр болж хувирав.

Ийнхүү Монголчуудын тэмдэглэдэг олон баярын тоонд Мартын 8-ны баяр зүй ёсоор өөрийн байр сууриа эзэлжээ. Гэхдээ бидэнд бас бодох зүйл байна. Угтаа Мартын 8-ны өдөр бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр шүү дээ. Бид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хэрхэн хамгаалж чадаж байна вэ. Эр нөхөртөөзодуулж дарамтлуулдаг, хүчирхийлэлд өртдөг, эцэс сүүлд нь хэн нэгний гарт өртөж хорвоог орхисон харамсалтай хэргүүд бидний дунд цөөнгүй гарсан. Гэтэл ийм байна, ингэсэн гэнэ, ингэлээ гээд л хэсэг цуурч байгаад намждаг.

Ганцхан өдөр эмэгтэйчүүдийг магтаад, тэднээр бахархаад, хүндэтгээд, баярлаж цэнгээд өнгөрөх биш, өдөр бүр эхчүүд, эмэгтэйчүүд, охиддоо хүндэтгэлтэй хандах тэр хандлагыг нийгэмд бий болгомоор байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нэмэгдүүлэх, тэдний амьдрах, ажиллах, сурах, үр хүүхдээ өсгөх нөхцөл орчныг сайжруулах гээд тэдэнд зориулсан олон талт ажил зохиодог өдөр болгомоор санагдана. Энэ өдрийг угтан тодорхой хугацааны өмнө төр засгийн зүгээс эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох тухай олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, түүнийгээ шийдвэрлэдэг болмоор байна. Зүгээр л баярладаг, цэнгэдэг, идэж уудаг, концерт үздэг, эмэгтэйчүүддээ сарнай цэцэг болон бэлэг өгөөд өнгөрдөг төдий өдөр баймааргүй байна.

Түүнчлэн хэдэн жилийн өмнө "Эмэгтэйчүүд амьдрахад таатай орон”-уудын жагсаалтад Монгол улс дэлхийн 165 орноос 32 дугаарт эрэмбэлэгдэж байсан өөдрөг үзүүлэлттэй байсныг санаж байна. Парламентдаа харьцангуй олон эмэгтэй гишүүнтэй, хуулиудад нь хүйсээр ялгаварлах заалт багатай учир энэ өдрийг эмэгтэйчүүд ууж, идэж өнгөрөөдөг биз.

Гэтэл одоо ч эмэгтэй хүнийг хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч мэт сэтгэдэг орнуудад эмэгтэйчүүд гудамжинд жагсаж, Засгийн газартаа шаардлага хүргүүлж, уулзалт зөвлөгөөн зохион байгуулдаг. Тэд эрчүүдийн өгсөн цэцэг, шоколаданд хууртахыг зөвшөөрөхгүй. Тэдэнд охид нь сургууль дээрээ хөвгүүдтэйгээ яг ижил боловсрол эзэмших ёстойг, гэрийн халатаа тайлж, ажил хөдөлмөр эрхлэхийг, бэлгийн хүчирхийллийг зогсоохыг шаардах нь илүү үнэ цэнэтэй юм.

Чухамдаа энэ өдрийг идэж, уух төдийхнөөр өнгөрөөгөөгүйн хүчинд XX зуунп эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй болж, охид хүссэн сургуульдаа элсэж, цаашлаад зарим оронд тэдний эсрэг түүхийн он удаан жилийн мунхралыг гивлүүртэйгээ хамт тайлж чадсан байдаг.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ