Хориглосон 173 автобус нийтэд үйлчилж байгаа эсэхийг хянаж байна


Иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцлийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн сахилга, соёлыг дээшлүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ.
Ингээд автотээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглолоо.
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн Нийслэлийн Тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 173 их багтаамжийн автобус нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэгдсэнээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно.” гэж заасан шаардлагыг хангахгүй болсон, үйлдвэрлэгдсэнээс хойш 13 жил ашиглагдсан тул автобуснуудыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гаргажээ.
Замын цагдаагийн албанаас дээрх том оврын 173 автобусыг хөдөлгөөнд оролцож буй эсэхэд хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолооч төдийгүй тухайн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжид хариуцлага тооцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ