Солонгос багш нар ЕБС-иудад ажиллахаар ирлээ


Монгол-Солонгос улсын хооронд долоо дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй "Багш солилцоо" хөтөлбөрийн энэ жилийн нээлт өнөөдөр боллоо.
2012 оноос хойш жил бүр тасралтгүй хэрэгжиж байгаа уг төслийн хугацаанд Монгол Улсаас нийт 144 багш, БНСУ-аас нийт 128 багш тус хөтөлбөрт хамрагдан харилцан туршлага судалжээ.
Харин энэ онд БНСУ-ын талаас 11 багш хамрагдаж Улаанбаатар хотын 71, 58-р сургууль, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор болон Дархан-Уул аймгийн гурван сургууль дээр хуваарилагджээ.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал А.Туяа “Монгол-Солонгос багш солилцооны уг хөтөлбөрийн хүрээнд багш нар удаан хугацаанд суралцдаг гэдгээрээ бусад хөтөлбөрүүдээсээ ялгаатай. Мөн суралцахын хажуугаар мэргэжлийнхээ хичээлээр багшилдаг нь давуу тал.
Багш солилцооны эхний сард багш нар орчиндоо дасан зохицож, хүүхдүүдтэйгээ танилцаж тухайн сургуулийн арга зүйгээс суралцдаг. Үлдсэн хоёр сарын хугацаанд мэргэжлийнхээ хичээлээр багшлаад эхлэдэг. Ингээд багшлах хугацаандаа Солонгос улсын хэрэгжүүлдэг сургалтын хөтөлбөрийнонцлог, Солонгос багш нарын заах арга барилаас суралцаад ирдэг.
Солилцоогоор яваад ирсэн Монгол багш нар маань их олон зүйл хийх хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэгээд өөрийн сургалтын орчинд хэрэгжүүлэхийг зорьдог. Харин Солонгос багш нарын хувьд хичээлээ орчуулагчтай заадаг. Гэхдээ хүүхдүүдтэй хурдан учраа олдог бөгөөд ирсэн багш бүр Солонгос ёс заншил уламжлалын талаар танилцуулдаг. Тэгээд хоёр дахь сараас эхлээд мэргэжлийн хичээлээ заадаг ”гэлээ.
ЮНЕСКО-н Ази Номхон далайн олон улсын ойлголцлын боловсролын төв /ЮНЕСКО-АПСЕЮ/ мэргэжилтэн Хун Соль "Багш солилцоо" хөтөлбөр долоо дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ удаа 11 Солонгос багш монголд ажиллахаар ирсэн байна.Солилцооны төсөл маань нийт хамрагдаж байгаа багш нар 3 сарын турш солигдож ажилладаг.
Мөн Солонгос багш нарын хувьд ажиллаж байгаа сургуулиасаа монгол багш нарын сургалтын арга зүй, Монгол хүүхдүүдээс Монгол хэл соёл, ахуй амьдралаас суралцаад буцдагаараа онцлогтой.
Манай улсаас ирсэн 11 багшийн хоёр нь бага ангийн багш байна. Харин үлдсэн ес нь дунд сургуулийн Зөвлөх багш, Түүх, Нийгмийн ухаан, Математик, Физик, Технологи, Биеийн тамир, Англи хэлний мэргэжлийн багш нар юм” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ