Х.Баттулга Трампаас, ээжүүд төрөөс тусламж "эрсэн" 7 хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
Улстөрд
У.Хүрэлсүх: Бид шударга татвар төлөгчид, ажил олгогчдоо дэмжинэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Татварын хуулийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэгт долоо хоногийн эхэнд оролцсон. Энэ үеэр тэрбээр “Бид шударга татвар төлөгчид, ажил олгогчдоо дэмжинэ. Татвараа үнэн зөвөөр мэдүүлсэн ч цаг хугацаанд төлж чадахгүй байгаа, санхүүгийн хүндрэлд орж байгаа татвар төлөгчдөд хүлээлгэх хариуцлага нь татвараа санаатайгаар нуусан этгээдийн хүлээх хариуцлагаас харьцангуй ялгаатай байх болно.
Хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татварын хувийг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна” гэв.
ИЗНН-ын даргаар Ц.Ганхуяг ажиллахаар болов
Иргэний Зориг Ногоон намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх хэлэлцлээ. Иргэний Зориг Ногоон нам нь гурван даргатай байсныг дүрмээрээ өөрчилж, нэг даргатай байхаар тогтсон ба С.Оюуныг өөрийнх нь хүсэлтээр намын даргаас чөлөөлжээ. Иргэний Зориг Ногоон намын даргаар Ц.Ганхуяг ажиллахаар болсон байна.
Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ “татгалзана”
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээсээ татгалзах мэдээлэл Төрийн ордон болоод цахим ертөнцөд тархлаа. Тодруулбал, Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ намынхаа удирдах зөвлөлд тавьсан бөгөөд хараахан хэлэлцээгүй байгаа аж. Тэрээр “УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болоод байгаа бол жирийн иргэн болоод үнэн зөвөөр шалгуулъя” хэмээн өргөдөлдөө бичсэн гэх мэдээлэл байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Д.Гантулга гишүүний сонгогдсон Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явагдах яриа улс төрийн хүрээнд өрнөж эхэлжээ.
Авто замын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв. “Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замыг дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төсөл”-ийг “Төрийн өмчийн концессын жагсаалт”-аас хасч, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор боллоо.
Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн дагуу 2017-2018 онд хуваарилсан зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замд их засвар, шинэчлэл хийх болсонтой холбоотой юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Трампаас тусламж хүсэв
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан захидал бичиж, хоёр асуудлаар туслалцаа хүссэн байна. Үүнд,
- Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах,
- Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан оффшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүсчээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан дээрх асуудлаар товч мэдээлсэн юм.
УИХ-ын дарга М.Энхболд БНТУ-д айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа эхний өдөр БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахрамантай ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийв.
Ардчилсан намд дотоод сонгууль болж байна
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн эргэлт буюу ротацийн сонгууль олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. АН-ын Дотоод сонгуулийн хорооноос зарласан ротацид орж байгаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Н.Батбаяр, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин, Ч.Энхтайван, Да.Ганболд нар багтаад байгаа юм.
Мөн уг ротацидЕрөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Соёмбо, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор нар багтсан байна.
Нийгэмд
Ээжүүд “нүцгэлэв”
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайд “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” хагас нүцгэн цуглаан зохион байгууллаа.
Эмэгтэйчүүд эх орон, үр хүүхэд, өөрсдийнхөө төлөө алдар хүндээ золиослон нүцгэлж буйгаа онцолсон юм. Мөн тэд “Улс орныг удирдаж байгаа төр засаг, эрх баригчид биднийг ийн нүцгэн тэмцэл хийхэд хүргэсэн. Бид өргүй нийгэмд амьдармаар байна. Бүх хүн өртэй. Өргүй нийгмийг цогцлоохын төлөө ээжүүд бид тэмцэж байна, цаашид чтэмцэх болно” хэмээн мэдэгдэв.
Гэр хорооллын иргэд Хотын даргад шаардлага хүргүүлэв
Гэр хорооллын иргэдийн III чуулган өчигдөр боллоо. Үүний дараа тэд "Эсэргүүцэж байна" жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ямар ч улстөрөөс илүү гэр хороолол тулгамдсан асуудал болоод байна. 2012-2016 оны хооронд хашааны газрыг үнэтэй болгох цогц үйл ажиллагаа явуулсан.
Гэтэл 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хашааны газрыг үнэгүйдүүлэх багц үйл ажиллагаа явж байна. Иргэд үүнд бухимдаж байна. Гэхдээ Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, дуу хоолойгоо хүргэхгүй бол тоохгүй байгаа юм. Гэр хорооллын газрыг барилгажуулж, тэндээс ашиг олох үйл ажиллагаа Газрын хууль яригдсан цагаас эхэлсэн. Гуравдугаар чуулганаас Хотын даргад шаардах бичиг өгөхөөр болсон" гэлээ.
Дэлхийд
Ким Жон Ун Өмнөд Солонгосын элч нартай уулзав
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элч нарыг хүлээж авч уулзжээ. Энэ талаар Сөүлийн албаныхан мэдээлжээ.
Уулзалтын үеэр Ким Жон Ун Солонгос үндэстнийг нэгтгэх үйл явцад түүхэн чухал үүрэг гүйцэтгэх их хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг “Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын талаар ерөнхийлөгч Мүүн Жэ Иний саналыг элч нараас сонссоны дараа их удирдагч өөрийн саналыг хэлж, талууд харилцан зөвшилцөлд хүрлээ” гэж мэдээлжээ. Чухам ямар асуудлаар зөвшилцөлд хүрснийг мэдээлээгүй байна.
Трамп Ким Чен Унтай уулзахаар боллоо
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахад бэлэн байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх Чон Ун Ён Трамптай уулзсаныхаа дараа ингэж хэлжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс ч энэ мэдээллийг бас нотлосон байна.
Уулзалт энэ оны тавдугаар сараас өмнө болох ажээ. "Ким Чен Ун бидэнтэй уулзахдаа БНАСАУ цөмийн зэвсгээ хураахад бэлэн байгаагаа мэдэгдсэн" гэж ерөнхийлөгчийн төлөөлөгч хэлсэн байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ