Харийн оронд очиж л байвал "үхсэн" ч яахав


Ардчилсан Монгол улсаа тунхагласнаас хойш иргэн бүр гадаад паспорт өвөртөлж, харийн орныг зорих болсон. Дэлхийн олон оронд очиход Хятад хүн хүрээгүй газар гэж байдаггүй гэдэг шиг цөөхөн Монголчуудын хүрээгүй улс гүрэн гэж одоо байхгүй болсон байна.
Харийн орныг зорих гол шалтгаан юу вэ?
Улс орны эдийн засаг хямраад ирэхээр иргэдийн худалдан авалт буурч, лангуу түрээсэлж байсан дипломтнууд ажилгүй, орлогогүй болж эхэлдэг. Энэ үед цорын ганц зам үлдсэн байдаг нь зээл тавиад ч хамаагүй гадны орныг зорих. Мэдээж өр, зээл тавьчихсан учраас “би чадахгүй байна. Үнэхээр халширч, ядаж байна” гэж хэлэх зүрх зориг тэдэнд үгүй. Тиймээс л бусдын баас, шээсийг цэвэрлэж байсан ч шүд зуун, нулимс дуслуулан гадны оронд ажилласаар л байна.
Гадны улс оронд ямар ч ажил хийсэн үнэлэмж нь өндөр байдаг. Бохир заваан байх тусмаа л нэмэгдээд байх нь тэр. Бас илүү цаг, шөнийн ээлжээр ажиллаж, хөдөлмөрлөж л байвал мөнгө олоод байх боломж нээлттэй. Харин Монголд эсрэгээрээ яаж ч хичээж, хөдөлмөрлөж, махраад өгдөг хэдэд нь өөрчлөлт орохгүй. Харин ч элдэв татвар, татаас гээд хасагдах нь маргаангүй үнэн.
Өнөөдөр сургууль төгссөн шинэхэн боловсон хүчин 400 мянган төгрөгнөөс ажлын гараагаа эхлүүлж байна. Үүнээс татвар, даатгал, шимтгэл гэж явсаар тал нь л гар дээр нь ирнэ. Гар дээр ч юу байхав. Хоол хүнс, автобус унаа, орон байр гээд нөгөө ирсэн тал чинь хасах дүнтэй гарах нь тэр. Тэгээд л эцэг, эхийгээ дахиад л мэрж амьдарна. Ийм л амьдрал байгаа учраас боол болоод ч хамаагүй гадны улс орныг зорих, дүрвэхийг Монгол залуус чухалчилж байна.
Угтаа бид хэн хаанаас бөмбөг дэлбэлэх бол, буун дуу хэзээ гарч, ямар тэнэсэн сум нь ирээд оночих бол гэх айдасгүй амар амгалан оронд амьдарч байна. Гэвч Монгол залуус өдрөөс өдөрт харийн орныг улааран зорих болов. Гадны орон л бол хаашаа ч хамаагүй дүрвэж, хэний ч хамаагүй ”боол” болохыг хүснэ.
Гэхдээ харийн оронд очиж хэдэн төгрөг гайгүй олох хэдий ч сайны хажуугаар саар зүйлс мөн мундахгүй. Мөрөөрөө ажлаа хийгээд амьдарч чадахгүй хэрэг төвөгт орооцолдож, хэдхэн Монголчуудынхаа нэрийг баастдаг нь ч бий. Тухайлбал, Германд амьдарч байсан нэгэн Монгол залуу цуврал аллага үйлдээд, ял авсан тухай мэдээ өчигдөрхөн чих дэлслээ. Солонгост ажиллаж байгаа Монголчуудын талаар саар мэдээ сонсогдох нь ч олон. Хичээж л яваарай даа миний монголчууд.
Иргэн баян бол улс баян гэдэг. Монгол улс иргэнээ баян болгох, иргэдээ хэдэн үеэр нь Дэлхийн иргэн шиг болгох боломж төрийн түшээдийн зөв бодлого, холч хараанаас шалтгаална. Монгол улсын иргэн Бат Америкт биш, харин Америкийн иргэн Майкл миний эх оронд миний төлөө, миний үр хүүхдийн төлөө ажиллах цаг ирэх өдөр хэзээ вэ?
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ