"Сүрлэн наамал нь хүүхдийг уран бүтээлч сэтгэхүйтэй болгож хөгжүүлдэг"

Энэ онд Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй. Түүхт ойн хүрээнд өмнө нь тус төвд суралцаж байсан “хүүхдүүд” эргэн нэгдэж, уран бүтээлийн үзэсгэлэн гаргахаар бэлтгэж эхэлжээ.

Тэдний хувьд 15 жилийн өмнө Хүүхдийн урлан бүтээх төвийн “Сүрлэн наамал”-ын ангид суралцаж, олон сайхан бүтээлийг урлаж байсан бөгөөд 30 жилийн ойдоо өөрсдийн үзэсгэлэнгээр бэлэг барихаар зэхэж буй юм.

Ийнхүү уг үзэсгэлэнг удирдаж буй багш Л.Мягмардуламтай цөөн хором ярилцлаа.

-Таны хувьд хүүхдийн урлан бүтээх төвд хэзээнээс багшилж эхэлсэн бэ?

-Миний хувьд урлан бүтээх төвд анх 1989 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 2005 онд ажлаасаа гарсан. Ийнхүү 1989-2005 он хүртэл ажиллахдаа жил бүр олон олон шавь нар төгсгөсөн. Тэр дундаас 2003-2005 оны төгсөлтийн хэдэн хүүхдүүд маань нийлж урлан бүтээх төвийнхөө 30 жилийн ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн гаргая гэсэн саналыг тавьсан.

Ингээд уг саналыг маш баяртайгаар хүлээн авч шавь нартайгаа хамтран үзэсгэлэндээ бэлдэж байна.

-Энэхүү үзэсгэлэнд хичнээн төрлийн, ямар бүтээлүүд тавигдах вэ?

-Ахуйн байдлыг харуулсан 30 гаруй бүтээлийг үзэсгэлэнд гаргах зорилттой ажиллаж байна. Шавь нар маань хэдий олон жил өнгөрөөд бүгд өөр, өөр мэргэжилтэй болсон хэдий ч эргэн нэгдээд үзэсгэлэн гаргах гэж буй нь хамгийн сайхан зүйл юм.

Уг төвд одоо суралцаж буй хүүхдүүдэд 15 жилийн өмнө нь хичээллэж байсан ах, эгч нар нь ямар бүтээл хийж сурч байсан бэ гэдэг арга технологийг нээж харуулах зорилгоор уг үзэсгэлэнг гаргах гэж байна. Түүнчлэн Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг шавь нартай минь уулзаж бидний үзэсгэлэнг дэмжиж, хамтарч ажиллаж байгаад бид маш их талархаж байгаа.

-Сүрлэн наамлын хувьд бусдаасаа ямар давуу талтай байдаг вэ?

-Сүрлэн наамлын хувьд бусад чимэх, чимэглэх урлагаас байгалийн түүхий эдийг шууд ашигладгаараа давуу талтай. Сүрэл гэдэг хүний гар доорх материалаар хүн өөрөө сэтгэж чадвал ямар ч зүйл хийж болно. Тухайлбал, сүрлэн наамлаар ханын зураг, хайчилбар, сийлбэрийг голдуу хийдэг. Сүүлийн үед сүрлэн наамлаар ханын хайчилбарыг илүү хийлгэдэг болсон байсан.

-Сүрлэн наамлыг яаж хийдэг юм бэ. Дарааллын хувьд?

-Анх сурч буй хүүхэд бол эхлээд зургийн эскизээ гаргаад, дараа нь сүрлийг индүүдэж бэлдээд наадаг. Ингээд сүрлэн наамал бэлэн болдог.

-Хүүхэд сүрлэн наамлыг сурсанаар ямар чадварыг эзэмшдэг вэ?

-Сүрлэн наамлын хувьд бусад дугуйлангуудтай адилхан хүүхдийг уран бүтээлч сэтгэхүйтэй болгож хөгжүүлдэг. Мөн сууж сургахын зэрэгцээ хүүхдүүд өөрийн хийсэн бүтээлээрээ бахархах зэрэг олон чадваруудыг эзэмшүүлдэг.

Ер нь сүрлэн наамлаар хүүхдүүд маш их зүйлийг сурч мэддэг. Жишээлбэл хүүхэд морь хийж сурах хүсэлтэй бол эхлээд зурагаа гаргаж сурна, дараа нь сүрлээ индүүдээд сурна. Хичээлийн дараа ангиа цэвэрлэх зэргээр хүүхдэд ахуйн байдлаар олон зүйлийг мөн сургадаг.

-Таныг багшилж байх хугацаанд сэтгэлд чинь тод үлдсэн дурсамжаасаа хуваалцвал?

-Би 1991 оноос хойш хүүхдүүдтэйгээ хамтраад жилдээ хоёр удаа үзэсгэлэн гаргадаг байлаа. Үзэсгэлэнд доод тал нь 30-40 бүтээл тавигддаг байсан юм. Ер нь урлангийнхаа үүдээр орж ирмэгц хүүхдүүдийн маань сэтгэлээ шингээж бүтээсэн бүтээлийг харахдаа маш их бахархдаг.

Хүүхдүүд маань бүтээлээ бүгд урлаж дуусгаад, үзэсгэлэн гармагц эцэг эхдээ харуулаад, баярлаж хөөрч байгааг нь харахдаа хамгийн жаргалтай байдаг.

Энэ үеэр Урлан бүтээх төвийн сүрлэн наамлын ангид 15 жилийн өмнө суралцаж байсан Э.Доржрагчаа өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

-Юуны өмнө түүхт ойгоо угтаж уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах гэж буй та бүхэнд баяр хүргэе ээ. 15 жилийн өмнө сүрлэн наамлыг сурч байсан "жаахан хүү” олон жилийн дараа дахин үзэсгэлэн гаргах гээд бэлдэж байхад ямар сэтгэгдэл төрж байна вэ? Дахин нэгдэж үзэсгэлэн гаргах санаа хэрхэн төрсөн бэ?

-Багшийн эрдэм шавьд гэдэг тэр сэтгэхүй арилдаггүй юм байна. 15 жилийн өмнө урлан бүтээх төвийг төгсөхдөө “Хийморь оршихуй” гэдэг нэртэй үзэсгэлэнг багш маань удирдаад гаргаж байсан. Тухайн үед талийгч Б.Цэрэндорж гуай миний үзэсгэлэнг дэмжиж гаргаж байсан бөгөөд их сайхан дурсамжтай үзэсгэлэн байсан.

Амьдралынхаа бүхэл бүтэн 15 жилийг шал ондоо зүйлийн араас явсан хүмүүс маань хүүхэд насныхаа дурсамжийг үлдээсэн урлан бүтээх төвөө маш их үгүйлэн санасан байсан. Ингээд 15 жилийн өмнө сүрлэн наамал хийж байсан залуучууд одоо яагаад хийж чадахгүй гэж бодоод бүгд нэгдсэн юм.

Энэ бол бүрэн хэмжээний үзэсгэлэн бөгөөд 15 жилийн өмнө юу хийж сурсан тэр бүх зүйлээ бусдад таниулая гэсэн зорилготойгоор ирэх аравдугаар сард үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Бид наамлаа хэн нэгний зургийг хуулаад, бэлэн зүйл дээр сэргээх маягаар хийх биш яг шат дараатайгаар бүтээлээ туурвиж байна.

-Урлан бүтээх төвтэй холбоотой хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Сэтгэлд тод үлдсэн олон сайхан дурсамж байдаг. Одоо бол өглөөд ороод ирмэгц 3, 4 дүгээр ангийн хүүхдүүд сүрэл арилгаад, сүрэл индүүдээд сууж байдаг. Эдгээр хүүхдүүдтэй зэрэгцээд 30 гарсан залуучууд сүрлээ индүүдэх гээд цуг дарааллаад зогсохдоо эргээд хүүхэд насандаа очсон мэт маш сайхан мэдрэмжийг авч байна.

Ярилцсанд баярлалаа.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ