Дүнжингарав уралдаанд 9 хүүхэд унаж, гурав нь эмнэлэгт хүргэгджээ

Энэ сарын 18-ны өдөр буюу өчигдөр хурдан морины Дүнжингарав уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагджээ. Өмнөх жилүүдэд Дүнжингарав уралдааны тов, болох газрыг Засгийн газраас албан ёсоор тогтоож, хоёр өдрийн турш зохион байгуулдаг байсан боловч энэ жил ямар нэгэн тов тогтоогдоогүй байхад Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос тус уралдааныг зохион байгуулсан байна.

Уралдааны үеэр 9 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгджээ.

Энэ талаар ЦЕГ-ын нийтийн хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Ц.Баатарболд "Хурдан морины уралдаан өглөөний 07:00-21:00 цаг хүртэл үргэлжилсэн. Эрлийз, их нас, соёолон, азарга гэсэн дөрвөн насны морьд уралдсан. Тус газар хуурайшилт, тоос ихтэй байсан учраас морины хөл цөмрөх, салхинд цохигдох зэргээс шалтгаалан 9 хүүхэд мориноос унасан, үүнээс гурав нь эмнэлэгт хүргэгдээд байна. Уралдаанд оролцсон хүүхдүүд 10-13 насных байв. Энэ үеэр цагдаагийн байгууллагын 110 алба хаагч, 23 автомашинтайгаар хамгаалалтад ажилласан" гэв.

Дүнжингарав уралдааныг нэг өдөр шахаж зохион байгуулсан учир орой 21:00 цагт хүртэл үргэлжилж, сүүлчийн морьд харанхуйд барианд оржээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 14:00 цагт уралдааны талаар албан ёсны мэдээлэл өгнө гэв. Тэд 12 наснаас дээш хүүхдүүдийг уралдуулах шаардлага тавьж ажилласан боловч Цагдаагийн байгууллагаас 10 настай хүүхдүүд байсан тухай ийнхүү мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ