Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг шинэ хуваариар аялж эхлэв

Өнөөдрөөс эхлэн өдөр бүр үдшийн 21:08 цагт Улаанбаатараас хөдөлж, өглөөний 06:44 цагт Сайншандад хүрэхээр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэг аялж эхэллээ. Тус галт тэрэг хуучин хуваариар буюу өдөр бүр 21:15 цагт Сайншандаас хөдөлж, 07:25 цагт Улаанбаатарт ирэх аж.

УБТЗ-ын Сайншанд өртөөний дарга Н.Тэнгисийн хэлснээр, энэ шийдвэр Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын тушаалаар нэг сарын турш хэрэгжүүлэх туршилтын хуваарь аж. Энэхүү шийдвэрийг УБТЗ-ын дотоод үйл ажиллагаатай уялдуулснаас гадна галт тэргээр үйлчлүүлдэг иргэдийн төлөөллөөс судалгаа авч, орон нутгийн удирдлагуудтай санал солилцож байж гаргасан байна.

Сайншанд хот руу бүтэн өдрийн турш аялах нь зорчигчдод хүндрэл учруулдаг тул шөнө аялбал илүү таатай гэж албаныхан үзжээ. Улмаар орон нутагт аялал жуулчлалыг татах зорилготой бөгөөд тус галт тэргийг нэг сарын хугацаанд шинэ хуваарийн дагуу аялуулж туршаад хэрэглэгчдэд илүү ойрхон, тэдний нөхцөл байдалд нийцэж байвал үргэлжлүүлж хэрэгжүүлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ