Харанхуй шөнөөр морь уралдуулж хүүхэд тамласан зэрлэг цэнгэл


Монголын морин спорт уяачдын холбооноос /ММСУХ/ жил бүр зохион байгуулдаг “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдаан өнгөрөгч амралтын өдөр /2018.03.18/ Говьсүмбэраймгийн Баянтал суманд зохион байгуулагджээ. Гэвч жил бүр олны уур бухимдлыг төрүүлдэг тус уралдааныг энэ жил ч мөн адил хэл ам тойрсонгүй.Хурдан морины уралдаан өглөөний 07:00-21:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд эрлийз, их нас, соёолон, азарга гэсэн дөрвөн насны морьд уралдсан аж.
Гэтэл тус уралдааныг нэг өдөр шахаж зохион байгуулсан учир орой 21:00 цагт хүртэл үргэлжилж, сүүлчийн морьд харанхуйд барианд орсон гэх. Үүнээс болж уралдаанд нийт 16 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд нь хүнд хэлбэрийн гэмтэл авсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ) мэдээлсэн.Эдгээр хүүхдийн хоёр нь үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлаас болж уралдааны үеэр машин мөргөж унаад ухаан алдсан гэж мэдэгдсэн юм.
Үүнээс үзвэл жил бүр хэвлэл мэдээлэл, хүний эрхийг хамгаалагчид уламжлал нэртэй хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй энэ бусармаг зугаа цэнгэлээ зогсоохыг шаардсаар байхад байдал улам дордлоо. Одоо бүр харанхуй шөнөөр ч хамаагүй айлын хүүхдүүдийг хурдан морины нуруун дээр мордуулж, машин тэрэгтэйгээ холиод туусан дүр зураг буух аж.Нөхцөл байдал улам дордсоор.
Өмнө нь “Дүнжингарав-2017” уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаж тэдний хоёр нь гэмтэл авсан байдаг. Уг нь уралдааныг зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлсэн ч тэд уралдаанаа зохион байгуулсан. Мөн 2017 оны гуравдугаар сард Ховд аймгийн Дөргөн суманд болсон “Майдар эргэх ёслол”-ын үйл ажиллагааны үеэрхурдан морины уралдаанд оролцож байсан 11 настай хүү мориноосоо унаж хүнд бэртэл авч,гэмтлээ даалгүй нас барсан харамсалтай тохиолдол ч гарсан.Хүүхдийн эрүүл мэндээр зугаа хийсэн томчуудын цэнгэлд хэзээ дүрэм журам үйлчлэх вэ?
Угтаа өвөл, хавар хүүхдээр морь унуулах нь хүүхдийн эрх зөрчих төдийгүй уламжлал биш гэдгийг шүүхийн шийдвэр тогтоосон. Шөнө морь уралдуулах бол уламжлал биш төдийгүй жинхэнэ Монголоо алдсан, хүүхэд адуу мал тамласан үйлдэл юм. Хурдан морины уралдааны тухай тусгайлсан хууль гаргах шаардлагатай гэдэг нь жил ирэх тусам тод харагдаж байна. Уг хуулиар өвөл, хавар хурдан морийг хүүхдээр унуулахыг хатуу хориглоод зуны уралдааны асуудлыг нарийвчлан зохицуулах, уг хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй.
Орчин цагт иймэрхүү хоцрогдсон уламжлал нэрээр өөрсдийнхөө гаж таашаалыг хангах зугаанд өрөөлийн сайхан үрсийг ашигладаг, хохироодог “хөгийн” хүмүүст хатуугаас хатуу хариуцлага тооцох шаардлагатай байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ