Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхайн бүтээлийг танилцуулах, хүндэтгэл үзүүлэх онол практикийн бага хурал Монголын үндэсний төв номын сангийн ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд боллоо.

Хурлын хүндэт зочдоор МУСГЗ, Чингис хаан одонт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, МУСГЗ, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн тэргүүн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир болон үе үеийн зохиолчдын төлөөллүүд оролцов.

Энэхүү хурлын нээлтийн үеэр ЮНЕСКО-ийн Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга хэлсэн үгэндээ тус байгууллагаас албан ёсоор тэмдэглэдэг цөөхөн баяруудын нэг нь энэ болохыг дурдаад, хүний сэтгэлийн хамгийн нандин утсыг хөндөж байдаг яруу найрагчдад талархал илэрхийлсэн юм.

Мөн утга зохиол судлаач, доктор П.Батхуяг "Д.Урианхайн хүн төвт үзэл санаа ба оршихуйн тойрог” сэдвээр, залуу судлаач Я.Баяр “Д.Урианхайн яруу найргийн туурвил зүй” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ