Булган аймагт шар усны үерт өртөж нэг хүн амиа алджээ


Энэ сарын 19-ны өдрийн 17.00 цагийн үед Булган аймгийн Халиун сумын нутаг дэвсгэрт гурван иргэн шар усны үерт өртжээ. Үүнээс болж Орхон аймгийн харьяат 38 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Орхон аймгийн Онцгой байдлын газраас шуурхай баг гурван цаг хайсны эцэст цогцсыг гарган авчээ.
Осол болсон ууланд явсан гурван иргэн, уулын уруу хайлж урссан усыг нэвт гатлах гэж байгаад гурвуулаа осолдсоноос нэг нь харамсалтайгаар амиа алджээ. Иймд иргэн та шар усны үертэй байгааг харгалзаж анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Гуравдугаар сарын нэгний байдлаар Сэлэнгэ, Орхон, Туул голын савын 70-75 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь 0,96 шоо км байгаа бол Хараа, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын савын 90 хувь нь цастай, цасны усны нөөц нь 0,40 шоо км талбайг хамарч байна. Харин Увс нуур болон Тэс голын 85 хувь нь цастай, цасан дахь усны нөөц нь 1,36 шоо км байна.
Ирэх өдрүүдэд нийт нутгийг хамарч цаг агаар харьцангуй дулаарахтай уялдаад дээр дурдсан голуудын сав дагуу хаврын шар усны үер болох нөхцөл бүрдэхийг ус цаг уур орчны хүрээлэнгийн газраас сэрэмжлүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ