Хөршийнхөө амьдралыг гайхалтай болгожээ

Том хотын хөршүүд бие биеэ огт тоодоггүй, танилцахыг ч боддоггүй гэцгээдэг. Гурван хүүхдийн ээж 39 настай Люси Эшен хажуу айлын зожиг эмэгтэйг хөршүүдтэйгээ танилцахыг ер хүсдэггүй байх гэж боддог байжээ.
Люсигийнх Лондон хотын олон өрөөтэй байранд 21 жил сууж байгаа аж. Тэрээр хажуу айлынхаа настай эмэгтэйг бараг таньдаггүй бөгөөд зүс царай, нэрийг нь л мэдэх төдий гэнэ. Ийнхүү настай эмэгтэйг хэн ч эргэж тойрдоггүй болсоор нэлээд уджээ.

Гажиг гэмээр хөрш нь нэг өрөөнд ганцаараа сууж, хөршүүдтэйгээ харьцдаггүй, хэзээ ч хэнийг ч гэртээ оруулдаггүй байжээ. "Энэ эмэгтэйд тусламж хэрэгтэй байж мэдэх юм. Тиймээс түүнд тусламж эрэх хүн огт байхгүй байх" гэсэн бодол Люсид төржээ.
Люси хөрштэйгээ ярихаар хэд хэдэн удаа оролдож, тусламж хэрэгтэй байна уу гэж асуудаг байжээ. Тэгтэл эмээ түүнд итгэж, хаалгаа тайлж өгсөн байна. Люси тэр айлын босгыг алхаж орох хүртэл нэлээд хэдэн жил өнгөрчээ.
Харин түүний харсан зүйл нь бодож байснаас ч бүр дор байжээ.

Шал нь тоос шороонд дарагдан, хөгцөрч, тавилга, хувцас хунар нь хуучин, урагдаж цоорсон байжээ.

Гал зуухны өрөөнд нь идэх юм бараг байхгүй байжээ.

Настай эмэгтэй усанд оролгүй 13 жил болжээ.

Ийнхүү Люси ажилдаа оржээ. Тэрээр 14 настай охиныхоо хамт өрөөг хэдэн өдөр цэвэрлэсэн байна. Тэд хуучин мебелийг гарган хаяж, өрөөг цэвэрхэн болгох хүртэл 60 цаг цэвэрлэгээ хийжээ.
Эмэгтэй фэйсбукийн сүлжээнд мэдээ байршуулж, хөршдөө хэрэггүй эд зүйл, мебель, гал зуухны эд хогшил хандивлахыг хүссэн байна. Гэтэл Люсигийн мэдээ сүлжээгээр тарж, удалгүй бүх хөрш нь уншиж, настай эмэгтэйн өрөөнд шаардлагатай бүхнийг өгөхөөр дараалан зогсож байжээ. Люсигийн мэдээнд дурдсан шаардлагатай эд зүйлсийн 80% нь ердөө ганцхан хоногийн дотор цугларсан байна.


Ердөө хоёр өдрийн дараа эмэгтэй сайхан ор, цэвэр даавуу, гоё мебель, шинэ хувцастай болжээ. Тэрээр шинэ найз нөхөдтэй болж тэд түүнийг эргэж тойрч, хоол унд хийж өгдөг болсон байна.

Одоо энэ байрны оршин суугчид эв найртай аж төрөх болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ