Ханиад томууны аймшигт вирус хүн төрөлхтөнг заналхийлж байна


Хүн төрөлхтөн ханиад томууны дэгдэлтэд бэлтгэлгүй байгаад эпидемиологчид сэтгэл түгшиж байна.
Дэлхийд цар хэмжээгээрээ бүх ханиад томуунаас илүү ноцтой шинэ цар дэгдэлтийн өмнө тулж ирээд байгааг Дэлхийн эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Жонатан Квик дурджээ.
"Ханиад томуу нь хамгийн аймшигтай, хянахад хамгийн түвэгтэй бөгөөд хамгийн түргэн тархдаг вирусийн алуурчин юм” гэж тэр хэлжээ. Вирусийн байнгын өөрчлөлт нь ямар ч үед бусад штаммтай нийлж, улмаар илүү аюултай болж мэднэ гэж мэргэжилтэн онцлон тэмдэглэсэн байна.
Ирээдүйн цар дэгдэлт олон сая хүний аминд хүрч, улмаар дэлхийн эдийн засгийг уналтад оруулна гэж Квик дурджээ.
Бид сүйрлээс сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авахгүй байгаа бөгөөд Испанийн ханиадны цар дэгдэлт дэлхийн нийт хүн амын гуравны нэг буюу 100 сая хүний аминд хүрсэн 100 жилийн өмнөхтэй адилхан байдалтай байна гэж доктор хэлжээ.
Өвчний ийм шинэ дэгдэлт ойртож байгааг вирусийн өөрчлөлтийн түүх харуулж байна. Өөрчлөгдсөн вирус шувуу, амьтны ертөнцийн бусад төлөөлөгч –сарьсан бавгаахай, гахай, сармагчнаас ирнэ. Харин хүмүүс үүний эсрэг ямар ч дархлаагүй байх болно гэж эрдэмтэд таамаглаж байгаа ажээ.
Квик гахай үржүүлдэг асар том цогцолбор болон шувууны фермүүдийг уг өвчний инкубатор гэж нэрлэж байна. Гахайн ходоод нь ханиадны вирус бий болох хамгийн таатай орчин юм. 2009 онд гахайн ханиад (H1N1) ингэж гарсан бөгөөд дэлхийд уг өвчнөөр 575 мянган хүн нас баржээ.
Шувууны ханиад гэдэг H5N1 вирусийн штамм ч эрдэмтдийн айдсыг төрүүлж байна. Одоогоор тийм их халдвартай биш байгаа бөгөөд 2003 оноос 2016 онд энэ вирусийн халдвар авсан 846 тохиолдол л бүртгэгджээ. Гэвч нас баралт өндөр байсан бөгөөд халдвар авсан хүмүүсийн талаас илүү нь нас барсан байдаг.
Шувууны болон гахайн ханиадны вирус өөрчлөгдсөөр байгаа тухай мэдээллийг эрдэмтэд олж авчээ. Хэрвээ шувууны ханиад хүмүүсийн дунд хялбархан тархдаг болвол урьд байгаагүй цар дэгдэлт гарна.
Одоо дэлхийд эрдэмтдийн зургаан баг эрэл хайгуулын ажил хийж байгаа ажээ. Баг бүр өөр өөрийн чиглэлээр ажиллаж байгаа ч, 5-10 жилийн дараа л ямар нэг дорвитой ахиц гаргаж чадна гэдгээ судлаачид хүлээн зөвшөөрч байна.
Олон талын үйлчлэл бүхий вакцин гаргахад зориулж буй санхүүгийн нөөцөө оройтойгүй дээр нь үлэмж нэмэгдүүлэхийг Квик улс төрийн удирдагчдад уриалж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ