Хоёр өдөр дугаар хязгаарлах нь зөв шийдэл мөн үү?


Зуны бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудал өчигдрөөс яригдаж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-н хүртэл бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Зөвхөн замын цагдаагийн гүүрэн гарц, зүүн дөрвөн замын огтлолцсон гүүрэн гарц төдийгүй шугам сүлжээний ажил хийгдэх учраас дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна” гэв.
Өмнө нь 2017 оны наймдугаар сарын 15-наас Энхтайваны өргөн чөлөөний долоон уулзвараар зүүн гар тийш эргэхгүй гэсэн шийдвэр гаргасан боловч 14 хоногийн дараа цуцлагдаж байсан. Энэхүү шийдвэрээс болж татвар төлөгчдийн нэг тэрбум төгрөг зүгээр л салхинд хийссэн. Дараа нь шийдвэрээ цуцалж байна гээд хэдэн төгрөг зарцуулсан нь одоо ч ил болоогүй.
Гэтэл замын ачаалал бууруулах нэрийдлээр дахиад л өөрчлөлт оруулахаар ярьж эхлэв. Энэ нь эргээд л иргэдийн бухимдлыг төрүүлж орхив. Тухайлбал энэ асуудалтай холбогдуулан нэгэн ээж олон нийтийн сүлжээнд өөрийн сэтгэгдлийг илэрхийлсэн байв.
Тэрээр “Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хичээлд нь зөөдөг ээж. Дураараа гадаа гарч чаддаггүй, өнжөөд нэг салхинд авч гарахыг хичээдэг. Дугаар явдаггүй нэг өдрөө яая гэж байхад дахиад нэг өдөр явахгүй байж яагаад ч чадахгүй ээ. Төрөөс дэмждэггүй юмаа гэхэд дарамтлахаа болимоор юм. 120 см хоёрдугаар ангийн хүүхдээ автобусанд суу гээд хэлээд үзээч та нар. Тусгай сургуульд автобус байдаг уу судлаад үзээч. Би машинаа бариад хүүхдээ хичээлд нь ч зөөнө, салхинд ч гаргана. Торгууль нь ирвэл ирэг төлж чадахгүй. Арга хэмжээ авах юм бол үртэй минь хамт аваарай” гэсэн байлаа. Үүнээс харахад хотын удирдлагууд нийтийн эрх ашгийг урьдчилан сайтар тооцоолж, ул суурьтай судалгаатайгаар асуудалд хандсаны дараа шийдвэр, саналаа гаргадаг болмоор байна.
Угтаа анх дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлж байхад нийслэлийн авто замуудын түгжрэл багасаж байсан. Харин одоо бол хот нягтарших тусам замын түгжрэл ихсээд буй. Ийм үед дээрх санал, шийдвэр бол бас л хөрөнгө мөнгө үрсэн ажил болно. Замаа засаж, сайжруулж болно. Гэхдээ бүх зүйлийг хязгаарладаг сэтгэлгээнээсээ салж, өөрөөр шийдэж сурмаар санагдах.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ