Х.Баттулга: Монголын хамгийн том дайсан авлига


Төрийн тэргүүн “Монголын хамгийн том дайсан бол авлига, хээл хахууль. Шударга ёсыг сахиулахгүйгээр бизнес цэцэглэхгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Дотоодоо ч бизнес амжилттай явахгүй. Хүчнийхэн бизнес эрхлэгчдийг байнга дарамталдаг. Татвар төлөгчдөө дарамталж байж, цэцэглэн хөгжинө гэж байгүй. Зовж зүдэрч олсон мөнгөө төрийн албан хаагчид тушаах сонирхол байхгүй. Тендерийн хуульд өөрчлөлт оруулж, мэргэжлийн холбоод зонхилох оролцоотой байхаар зохицуулалт хийхийг хүсэж байна. Холбоод өөрсдийнхөө гишүүнчлэлээр тендер шалгаруулдаг болох ёстой. Ингэж байж аж ахуйн нэгжүүд томорно. Мэргэжлийн холбоод нэг удирдлагатай болох хэрэгтэй.

Гадны мэргэжилтнүүдийг өндөр үнээр авчирч цалинжуулдаг, түүний нэгэн адил хүнээ бэлтгээд тендерт оролцдог байя. Яамдууд тендер зарлаад танил талдаа өгдөг. Ажлын байр хадгалагдах боломж байдаггүй.

Саяхан би Батлан хамгаалахын сайдын хамтаар гутлын үйлдвэрт очиж ажилласан. Нэг жилийн тендерээр ажлын байр хадгалах боломжгүй, 3-5 жилээр тендер өгдөг болооч гэдэг хүсэлт тавьж байна лээ.

Бизнест элдэв зөвшөөрөл олгох, хүний хүчин зүйлсийн хамаарлыг багасгаж, цахимаар шийддэг болох нь тулгамдсан асуудал болоод байна. Татварын тайлангаа өгөхийн тулд заавал татварын байцаагчтай уулзах шаардлагагүй. Хүн хүнтэй харилцах харилцааг багасгаж чадвал авлига буурна.

Гадныхан “Танай улс дотоод асуудлаа цэгцлэхгүй бол ямар ч жуулчин зорихгүй” гэдэг зөвлөмжийг өгч байна. Тийм учраас сайн улс болохын төлөө хүчээ нэгтгэхээс өөр замгүй болжээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги байхгүйгээс жуулчид татахгүй нь ойлгомжтой болсон.

Шинэ нисэх буудал ашиглалтад орж байгаа, ложистикийг хийгээч ээ гэж хэлэх байна.

Бид түүх соёл, байгалийн сайхнаа харуулж чаддаггүй.Жуулчдын тоог хэлэхэд ичмээр тоо гарна.

Баянхонгор аймагт 98 градусын рашаантай ч менежмент нь ямар байгааг бид мэднэ. Өвөрмонгол жилд 10 сая жуулчин авч байна. Сингапур алгын чинээ газар дээрээ 17 сая жуулчныг хүлээн авдаг газар болгосон.Тэнд аялал жуулчлалын салбарыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байна.

Ийм учраас аялал жуулчлалын салбарт онцгой анхаармаар байна. Судалсан зүйл надад байгаа учраас хэлж ярьж байна.

Аялал жуулчлалын бодлогоо энэ хавар батлуул.

Хөдөө аж ахуйн салбар бол тэргүүлэх салбар байсан, харин одоо буурсан.Намайг сайд байхад хөдөө аж ахуйн салбарт арьс ширний тоо 10 сая байсан. Одоо 15 сая болсон.Бүгдийг түүхийгээр нь гаргадаг. Экспортод гаргах чадвар бас хомс. Тэгэхээр өмнө хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлээч ээ. Бэлэн юмыг аваад ажиллахгүй юм бол дахиад дугуй зохиох юм яамдад яригдаад байгаа. Ингэсээр байтал хугацаа алддаг. Урьд нь хэрэгжиж байсан ажлуудыг үргэлжлүүлээч ээ.

Хөдөөгийн хөгжил, хотын хөгжил, аж үйлдвэрийн хөгжлийг бүгдийг баталсан. Шинээр бодлого боловсруулах шаардлагагүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ