Өрхийн эмч нар ч гэсэн "хүн"


Иргэдэд анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг газар бол өрхийн эмнэлэг байдаг.
Үйлчилгээ муу, харьцааны доголдолтой, буруу эмчилгээ бичиж өгдөг гэхчилэн олон төрлийн шүүмжлэлийн бай болдог ч өвдсөн, зовсон хүмүүс өрхийн эмнэлгээ бараадхаас өөр аргагүй болдог.
Тэр дундаа амьдралын түвшин доогуур иргэд амьдардаг захын хорооллын өрхийн эмч нар ачаалал ихтэй байдаг аж. Үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүс олон байдгаас хотын төвийн өрхийн эмнэлэгтэй харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаатай.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Энх Энэрэл” өрхийн эмнэлэгт гэхэд 15 мянган иргэнд үйлчлүүлдэг. Тус эмнэлэг өрх тусгаарлан гарахдаа зургаан мянган хүнд үйлчлэх багтаамж бүхий эмнэлгийн байранд орсон. Гэсэн ч хоёр дахин илүү хүнд үйлчилдэг болохоор байдал хүнд байдаг аж.
Нийтээрээ биш ч захын хорооллын өрхийн эмнэлгийн байдал ийм л байдаг. Гэсэн ч өнөөг хүртэл цалингаа дорвитой нэмүүлдэггүй өрхийн эмч нарын байдал, амьдрал хүнд байдаг талаар тэд ярьж байна.
Монгол Улсын хэмжээнд нийт 236 өрхийн эрүүл мэндийн төвд 3000 гаруй өрхийн эмч, эмнэлгийн ажилтнууд нийт хүн амын 70 хувьд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж буй.
Тэдний хувьд сардаа дээд тал нь 500 мянган төгрөгийн цалин авдаг аж. Энэ нь амьдралд нь хүрдэггүй болохоор өрхийн эмнэлэгт ажиллах тийм ч дуртай биш гэх. Ихэнх нь хувийн юм уу улсын эмнэлэгт ажиллах сонирхолтой байдаг аж. Хорооныхоо нярай хүүхдүүдийг эргэж тойрох, жирэмсэн эхчүүдээ хяналтад авах, өвчтөнүүдээ үзэх гээд тэдний ажил мунддаггүй ч авч байгаа цалин нь бага болохоор чадвартай эмч нар нь хувийн эмнэлэг барааддаг аж.
Өрхийн эмч нарын чадвар, мэдлэг муу гэх шүүмжлэл нэг талаар үүнтэй холбоотой болов уу. Мэдээж чадвартай, мэдлэгтэй сайн эмч нар өдөртөө л мянга гаруй хүнд үйлчилж, дээр нь ажлын хөлсөнд цөөхөн хэдэн төгрөг аваад сууж байхыг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ мэргэжилдээ үнэнч, амьдрал нь хүрэлцэхгүй байсан ч тэвчсээр яваа олон сайн эмч өрхийн эмнэлэгт өнөөг хүртэл ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй.
“Хүүхдэдээ ямар амин дэм уулгах вэ” гэсэн асуултын хариуг “Эм зүйн жагсаалт” номноос хайдаг өрхийн эмч нар цөөнгүй байгаа цагт өрхийн эмнэлгийн нэр хүнд хэзээ ч сэргэхгүй. Өрхийн эмнэлгийн хүртээмж, чанарыг сайжруулахын тулд сайн боловсон хүчин ажиллуулах нь зүйн хэрэг. Гэтэл эмч болохоор бэлтгэгдэж байгаа ямар ч боловсон хүчин бага үнэлгээтэй, их ажилд насаараа зүтгэнэ гэдэг худлаа.
Тэгэхээр олон жил ажилласан дадлага туршлагаараа хэнээс ч дутахгүй сайн эмч нарыгаа авч үлдэхийн тулд цалин хөлсийг нь адилхан нэмэх хэрэгтэй. Харин дараа нь шаардлагаа тавиад, эмнэлгийнхээ үйлчилгээг санаандаа хүртэл авч болно шүү дээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ