Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо баримт

Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, Судалгаа, Хамтын Ажиллагааны төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 266 дугаар зарлигаар баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг мэдээллээр хангах журам”-ын  4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн талаарх мэдээ, судалгааг 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар нэгтгэж судласан байна. Улсын хэмжээнд 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар 231 эрүүгийн хэрэгт 289 төрийн албан хаагч холбогдон шалгагдсан нь 2012 оны мөн үетэй харьцуулахад 67 хэрэг буюу 29,0 хувиар өссөн судалгаа гарчээ. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 51 нь  төрийн тусгай албан хаагч, 53 нь төрийн захиргааны албан хаагч, 37 нь улс төрийн албан хаагч, 148 нь төрийн үйлчилгээний албан хаагчид байна.

 Төрийн албан хаагчдын үйлдсэн хэргийг хэргийн ангиллаар авч үзвэл: Нийт гарсан хэргийн 70 буюу 30.3 хувь нь хөнгөн гэмт хэрэг, 114 буюу 49,3 хувь нь хүндэвтэр гэмт хэрэг, 44 буюу 19.0 хувь нь хүнд гэмт  хэрэг, 3 буюу 1,2 хувь нь онц хүнд гэмт хэрэг эзэлж байна.  Нийт гэмт  хэргийн  35  нь согтуугаар  үйлдэгдсэн нь 15.1 хувийг эзлэж  байна. Гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагчдийн 141 нь эрэгтэй, 148 нь эмэгтэй төрийн албан хаагчид  байна.

Хэргийг шийдвэрлэсэн байдлын авч үзвэл гарсан хэргийн 64-ийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 25 хэрэгт  яллах дүгнэлт үйлдсэн болон яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлж, 4 хэргийг  харъяаллын дагуу шилжүүлж, 133 хэрэг мөрдөн байцаалтаар шалгагдаж, 5 хэргийг түдгэлзүүлсэн байна.  Төрийн албан хаагчдаас эрүүгийн хуульд заасан хорих ялаар 5 албан хаагч шийтгүүлсэн байна.

Судалгаанаас үзэхэд төрийн албан хаагчдаас хамгийн олон хэрэг үйлдсэн газрын тоонд Баян-Өлгий аймаг /15/, Сүхбаатар аймаг /10/, Баянзүрх дүүрэг /12/ оржээ.

Төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэргийг судлаж үзэхэд хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 73, өмчийн эсрэг гэмт хэрэг 44, албан тушаалын эсрэг гэмт хэрэг 49, авилгын хэрэг 15 байгаа нь  бусад төрлийн гэмт хэргээс илүү байгаа нь харагдаж байна. Төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэргийн дээрх судалгааны дүнг УЕПГ-аас Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албанд хүргүүлжээ.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ