Есөн давхар барилгаас хүн унаж бэртсэн хэрэг гарлаа

Өнөөдөр 08.00 цагийн үед “Чинбулаг” компанийн барилгаас хүн унаж бэртсэн хэрэг гарлаа. Тодруулбал, тус компанид арматурчин ажилтай Ц.Чулуунбаатар гэгч 30 настай эрэгтэй баригдаж буй барилгын есөн давхраас унасан байна.
Осол гарсан даруйд Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид ирж, хэргийн газар үзлэг хийжээ. Мөн тус барилгын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
Энэ газар нь Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн хашаанд баригдаж буй эмч нарын орон сууцны барилга аж.
Харин бэртсэн Ц.Чулуунбаатарыг яаралтай ГССЗҮТ-д хүргэжээ. Тэрээр аарцаг, нурууны гэмтэлтэй, олон чөмөгний хугаралттай гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа аж. Түүний биеийн байдал нь тааруу байгаа учраас маргааш мэс засалд оруулахаар болжээ.
Ослын талаар тус барилгын инженер Н.Сайнсанаатай утсаар холбогдоход “Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа. Шалгаж дууссан хойно нь бид мэдээлэл өгнө” гэлээ.
Харин Ц.Чулуунбаатар өөрийгөө есөн давхраас унаж бэртсэн хэмээсэн юм.
Осол гарах үед түүний унасан давхарт хаалт хийгээгүй байсан ч харин ослын дараа давхарт ногоон торон хаалт хийсэн тухай ослын үед байсан тэр хавийн оршин суугчид баталж байна.
Энэ нь Ц.Чулуунбаатарыг хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж унаж бэртээгүй, өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж бэртсэн маягаар харагдуулах гэсэн үйлдэл хэмээн тэд ярьж байлаа. Энэхүү асуудлыг тодруулахаар БЗД-ийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж байна.
Өнгөрсөн жил энэ барилгын ажил эхэлж байх үеэр ойр хавийн оршин суугчид буюу БЗД-ийн гуравдугаар хорооны иргэд хэвлэл мэдээллийнхэнд гомдол гаргаж байсан юм.
Учир нь барилгын краны хошуу нь 61-р цэцэрлэг рүү явах замын дээгүүр хажуугийн орон сууцыг шүргэх шахан ажиллаж иргэдийг айдаст автуулж байсан юм.
Өнгөрсөн намар барилгын компаниудын аюулгүй ажиллагаа алдагдаж, удаа дараа осол гарч эрдэнэт хүний амь нас эрсэдсээр байсан.
Харин өвөл болж барилгын ажил ерөнхийдөө зогсонги шинжтэй болсноор асуудлууд намжсан ч ийнхүү урин дулаан цаг наашлахтай зэрэгцэн барилга дээрээс хүн унасан ослоор дахин сөхөгдөж байна.
Энэ ослын буруутан нь амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хохирогч өөрөө болж үлдэх үү, аль эсхүл хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг сахиж ажиллаагүй барилгын компани болох уу. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ