С.Баярцогтоос хариу шаардсан 10 асуулт

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Баярцогтын ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Тэрбээр ёс зүйн хариуцлагаа үүрч УИХ-ын дэд даргын ажлаа өгөх хүсэлтээ гаргасан юм. Харин өчигдөр “Хариуцлага хяналтыг тогтоох иргэний эвсэл”-ээс сэтгүүлчдэд мэдээлэл хийж, С.Баярцогтын УИХ-ын дэд даргын ажлаа өгснөөр халхавч хийн гэмт үйлдлийг нь хаацайлж болохгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Тэд манай ардчилсан улсад шүүхийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй байж, хуулиндаа захирагдах ёстой гэж үзэж байгаа. Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн “13.5.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно” хэмээн заасан байгаа. Энэхүү хуулийн заалт С.Баярцогтын асуудал дээр хэрэгжих эсэх нь тодорхой бус байна гэсэн юм.
Мөн түүнийг эх орноосоо урвасан гэж үзэж байгаа аж. Учир нь 1993 оноос хойш УБХ-ын гишүүн, Байгаль орчны сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн гээд Монгол төрийн өндөр албан тушаалыг хашиж ирсэн С.Баярцогт Монгол Улсыг “Хятадын Монгол “ гэж дэлхий дахинд шившиг болголоо. Тэрбээр Швейцарын банкинд данс нээхдээ “Ulaanbaatar, Mongolia, China” гэсэн байсан нь ийнхүү эх орноосоо урвасан гэж үзэхэд хүргэжээ. Хэрвээ түүнийг эх орноосоо урвасан гэж үзэж, Эрүүгийн хуулиар яллахад хүрвэл 5-15 жилийн хорих ялаар шийтгэнэ.
Мөн түүний оролцоотой “Оюу толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч “Модерн номадс” ХХК-д татварын хяналт шалгалт оруулахыг шаардаж байгаагаа дуулгасан.
Ингээд УИХ-ын гишүүн С.Баярцогтод дараахь асуултуудыг тавьжээ.
1. Та Монгол төрд 20 жил зүтгэхдээ хуримтлуулсан хөрөнгөө цалин урамшууллаараа олсон уу, хуурч мэхэлж залилангийн аргаар олсон уу, эсвэл эх орноо худалдаж гадныхны гар хөл болох гажиг замаар олсон уу?
2. Таны дүү С.Баярхишиг, С.Баярмаа нар төрийн мөнгөөр гадаадад боловсрол эзэмшсэн хэрнээ мөнгөө төлөөгүй гэсэн нь үнэн үү?
3. Та ах С.Баярбатаа Эрчим хүчний яаманд газрын даргаар томилуулахын тулд шинээр газар нээж хүчийг үзүүлсэн гэдэг үнэн үү?
4. Таны аав Сангижав хүрз, жоотуу ч барилгүй “Гавъяат аграномич” болсон гэсэн энэ үнэн үү?
5. Таны хадам ээж, ойр дотны хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгөн хадгаламж байгаа гэсэн нь үнэн үү?
6. Та Хятадын Монгол хүн үү?
7. Та хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн. УИХ-ын гишүүнээс ёс суртахууны хувьд саналаараа татгалзах эр зориг танд байна уу?
8. Та хийсэн гэмт хэрэгтээ ял шийтгэл хүлээхэд бэлэн үү?
9. Та Монгол төрийн эрх баригчдад алдаагаа ухамсарлаж, хэргээ хүлээж чаддаг жишиг тогтоож чадах уу?
10. Та эхнэрээ хайрласаар байх уу, эх орноо хайрлах уу гэх эдгээр асуултуудыг тавьж байгаа бөгөөд хэрвээ хариу ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдсэн юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ