Э.Хүрэлбаатар газрын төлөө юу хийж явна

Хотын ерөнхий архитектороор ажиллаж байсан Э.Хүрэлбаатар иргэн Ч.Нэргүйгийн  Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар авсан газрыг өөрийн болгохоор хөөцөлдөх болсон тухай хэвлэлүүдээр шуугиж байна.

Тэрээр хотын ерөнхий архиткторын албыг хашиж байхдаа хотын захирагч Э.Бат-Үүлийг хууран мэхэлж, ашиг сонирхлын зөрчлийн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн нэгэн. Хан-Уул дүүрэгт төрийн албан хаагчдын орон сууцны зориулалтаар байр бариулах нэрийдлээр ашиг олох гэж  оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн нь илэрч байсан гэнэ.

Гэтэл тэрээр хууль журмын дагуу газар эзэмших эрхээ  сэргээж  авах  гэсэн Ч.Нэргүйг элдвээр ярьж, хотын захиргааныханд лобби хийж,  дахиад хуйвалдсаар яваа гэнэ.

Засгийн газрын н/106 тоот тогтоол гарч Барилгын цэргийн 073 дугаар ангийг татан буулгаж, зарим барилга байгууламжийг нь иргэний зориулалтаар худалджээ. Энэ үеэр тус ангийн бетон узель, дамжлагатай, салаа замтай хэсэг объектийг Ч.Нэргүй нь барилгын бетон эдлэлийн үйлдвэр байгуулахаар авчээ.

Итали зэрэг улс орнуудын мэргэжлийн байгууллагууд гурвантаа дэмжиж, хамтрахаар болсон боловч  Э.Хүрэлбаатарын луйврын дайралтуудад "өртөн" одоо болтол санаж сэдсэн ажлаа бүрэн хийж амжаагүй яваа юм байна.

Э.Хүрэлбаатар гэгч эрхэм нь  албан тушаалаа ашиглан Ч.Нэргүйг эрүүгийн хэрэгтэн болгох гэж оролдож байсан гэх. Гэвч прокуророос түүний өмчийн  гэх  хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Батлан хамгаалах яамнаас  шат шатны шүүхэд  Ч.Нэргүйд  уг объектийг өгсөн нь бодитой гэж нотолж байсан юм байх.

Гэвч  Э.Хүрэлбаатар   Ч.Нэргүйг  дарамтлан “Манай эзэмшлийн газрыг хуйвалдаанаар авсан. Миний “Монре констракшн” компанид хотын захиргаа, дүүргээс оноож өгсөн объект мөн” гэх мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн зарга үүсгэх болжээ. Гэвч шүүх үнэн мөнийг ялгаад Ч.Нэргүйн талд шийдвэр гарчээ.

Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Нэргүй нь объектоо өөрийн эзэмшилд дахин бүртгүүлж баталгаажуулах гэтэл Э.Хүрэлбаатар  нь шалгагдаж байгаа, газар эзэмших эрхийг нь сэргээж өгөх хэрэггүй гэж хотын захиргааны холбогдох албан тушаалтануудад ухуулж, өөрийнхөө талд оруулах  болсон гэнэ.  Ч.Нэргүйгийн газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийг Дээд шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгөхөөс цааргалсаар байгаа Э.Хүрэлбаатар хотын захиргааныхныг гартаа атгадаг гэж үү. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой биз дээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ