Г.Буяндоржийг албадан саатуулахаар болжээ

“Ноёд” группийн захирал, МУГЖ Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхлээд байна.
Харин түүнийг эрэн сурвалжилж эхлээгүйг прокурорын эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Г.Буяндоржид зарлан дуудах хуудас хүргүүлээд байгаа бөгөөд энэ хугацаанд ирэхгүй бол эрэн сурвалжилж, албадан баривчлах юм байна.
Түүнийг энэ удаад 2008 оны залилангийн хэрэгт нь холбогдуулан албадан саатуулахаар болоод байгаа аж. Учир нь 2008 онд холбогдсон залилангийн хэргийн шүүх хурал нь хэд хэдэн удаа товлогдсон ч ирэхгүй байгаа нь шүүн таслан ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэмээн үзжээ. Тиймээс албадан саатуулахаар болсон тухай прокурорын эх сурвалж мэдээлээд байгаа юм.
Ийнхүү 2008 оны залилангийн хэргийг нь шийдэхийн тулд Г.Буяндоржийн “Sky Tower” хороолол дахь гэрийг нь ШШГЕГ-аас битүүмжилж, зарлан дуудах мэдэгдэл хүргүүлээд байгаа аж.
Хэргийг сануулбал, 2004 оны хоёрдугаар сарын 4-нд “Да Мон Трейд” ХХК “Зоос” банкинд 550 сая төгрөгийн зээлийн эрх нээлгэжээ.
Гэтэл Г.Буяндорж тус компанийн тамга, тэмдэг, удирдлагын гарын үсгийг хуурамчаар ашиглан 2004 оны тавдугаар сарын 11-нд 50 сая, 28-нд 50 сая төгрөгийг “Зоос” банкнаас авсан гэнэ. Ийнхүү түүнийг залилангийн хэрэгт холбогдуулан 2008 оноос эхлэн шалгаж эхлээд байжээ.
Б.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ