Н.Удвал сайд аа, ДЭМБ-ыг ганц сайн хуурлаа тийм ээ

Төв аймгийн Баянчандмань сумын эмнэлэгт сүүлийн 10 жилийн хугацаанд эх, нярайн эндэгдэл гараагүй ажээ. Ойрд дандаа сэтгэл сэртхийм мэдээлэл сонссоор дөжирсөн байсан юм уу, үүнийг дуулах таатай байлаа.
Гэхдээ Монгол Улсыг зорьж ирсэн ДЭМБ-ын тэргүүнд салбарын сайд, дарга нар нь дандаа ийм зүйл танилцуулсаар буцаасан гэвэл яах вэ. ДЭМБ-ын тэргүүн хатагтай Маргарет Чан одоо Монгол шиг эрүүл мэнд, эсэн энх улс үгүй гэж бодож байгаа даа.
Энэ байгууллагад элсэж, төсөв мөнгөнөөс нь хүртэж, тусламж хандивыг нь авдгийн хувьд эрүүл мэндийн салбарын үнэн нүүр царайг харуулах ёстой. Гэтэл Н.Удвал, Ж.Амарсанаа хоёр Маргарет Чаныг сайхан сэтгэгдэлтэй хоцрох учиртай жуулчинтай андуурав уу, хэдэн эмнэлгийн аль өнгөтэй, өөдтэй рүү нь дагуулж явсаар буцаав.
Баянчандмань угаасаа хөтөл даваад орохын дайтай ойрхон, дэд бүтэц хөгжсөн, хүмүүс нь угаасаа хот руу орж ирж үзүүлж, харуулдаг биз. Тийм байтал эх, нярайн эндэгдэл гарахгүй байх нь зүйн хэрэг байлтай. Харин Дорноговийн Улаанбадрах, эсвэл Завханы Баянтэсд байдал арай өөр байх вий. Ганц их эмч, ганц бага эмч, ганц эх баригчтай ажиллаж байгаа эмнэлэг Монголд яасан олон билээ. Хуучирч, муудсан 69 машинтай сумын түргэнийнхэн очих гэсээр байтал уулын мухарт амиа тавьж байгаа хүн хэчнээн олон байгааг ДЭМБ-аас нуух шаардлага Эрүүл мэндийн яамныханд байсан бололтой.
Тэдний аз болоход Маргарет Чан монгол хэл мэдэхгүй юм даа. Мэддэг байгаад Эх нялхас руу юм уу Түлэнхийн төв рүү явна гээд зүтгэчихсэн бол Н.Удвал сайд нүүрээ дараад зугтаах байсан уу. Эмнэлгийн хонгилд гудас дэвсээд хэвтчихсэн өвчтөнүүдийг хараад цэргийн эмнэлэгт ажиллаж байсан он жилүүдээ дурсах байсан биз, ДЭМБ-ын тэргүүн.
Харин манайхан өнгөлөн далдлалтаа сайн хийсэн болохоор хатагтай Чан “Би олон оронд очиж ажиллаж байсан. Гэхдээ тэр дунд сүүлийн арван жилд нэг ч эх, нярайн эндэгдэл гаргаагүй ажиллаж чадсан улс тун цөөхөн. Маш гайхамшигтай байна. Өчигдөр би Улаанбаатарт ажиллаж, Эрүүл мэндийн сайдтай уулзаж, мөн гурав дахь шатлалын эмнэлэгтэй танилцсан. Өнөөдөр сум, багийн эмнэлэг, эмч нартай уулзаж байна. Та бүгдийг сайн ажиллаж байна гэдгийг хэлэхийг хүсч байна. Эрүүл мэндийн салбарыг сайд маш сайн удирдаж, зөв бодлогоор ажилладаг юм байна” гэж хэлснийг яамны хэвлэлийн алба яруу тодоор зарлан тунхаглав.
Ямар ч байсан Монгол Улсын Эрүүл мэндийн яам “онц” дүн авлаа. Яг л өөрөө мэдэхгүй хэрнээ бусдаас будаа идсээр байгаад А авдаг сурагч шиг. Гэхдээ тэр онц аваад ч толгой нь хоосон хэвээр байна гэдгээ ухамсарладаггүй нь гачлантай. Тэрэн шиг ДЭМБ-ыг ганц сайн хуураад Монголын нэрийг тун цэвэрхэн авч үлдсэн ч эрүүл мэндийн салбар уруудсан чигээрээ хоцорч байна даа.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ