Би хүлээн зөвшөөрөгдсөн биеэ үнэлэгч

Улаанбаатарын шөнийн амьдралын тухай сурвалжлагуудыг www.bataar.mn вэбсайтаас уншигч та бүхэндээ элдэв нэмэр хачиргүйгээр цувралаар хүргэх гэж байна. Сурвалжлагынхаа эхний дугаарыг бид шөнө дунд хүртэл хөл хөдөлгөөн тасардаггүй Саппоро орчмоос бэлдлээ.

Шөнийн 23.00 цагт редакцаас хөдөлсөн бидэнд сүүлийн үед Саппорогийн автобусны буудал, түүний ойр орчмын баар цэнгээний газрууд, буудлууд гудамжны биеэ үнэлэгчдийн үүр уурхай цэцэглэн хөгжиж байгаа гэх мэдээллийг хуулийн байгууллагын эх сурвалжаас өгөөд байв.

Биднийг очиход Шөнийн 12.00 цаг гэхэд харьцангуй хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тэр хавиар цөөн хэдэн унаа хүлээн зогсоо хүмүүсийг эс тооцвол ар араасаа эгнэсэн таксинууд, шорлог хийж, бохь чихэрхэн зарж буй хэсэг “наймаачид” тэднийг тойрон эргэлдэх хэсэг бүлэг охид хүүхнүүд, хоорондоо агсан тавьж маргалдсан нэг нэгнийхээ нэрийг чангаар дуудан хашгиралдах согтуучууд мэтийн хүмүүс л их байлаа.

Тэдний дундаас хэсэг эмэгтэйчүүд хийх ажилгүй хоорондоо элдвийг ярин, ийш тийшээ харц гүйлгэн холхилдож байгаа нь өнөөх хэцүү нэртнүүд.

Манай сайтын нийтлэлчийн бичиж байсан “Эмсийн хүрээлэн эртхэн байгуулья” хэмээх нийтлэл яг энэ үед санаанд орж байлаа. Өдрөөс өдөрт ДОХ-ын аюул нөмөрсөөр буй Монголд биеэ үнэлэлт гудамжны бизнес болон хаа сайгүй цэцэглэх нь үнэхээр аюултай.

Биеэ үнэлэгчдийн дундаас арай ганцаараа маягтай зогсож байгаа нэгэн бүсгүйг чиглэтэл үйлчлүүлэгчээ хүлээн удтал зогссоных уу, түрүүлэн яриа өдөж эхлэв.

- Залуу, хүн хүлээгээ юу, юу хэрэгтэй вэ

- Өөрийг чинь сонирхлоо, хэдээр явах вэ

- Цагаар л явна, цагийн .... /тоо хэлэв/

- Болж байна, манай машинд сууцгаая

- Хэдүүлээ юм бэ, олуулаа бол үнэ нэмэгдэнэ шүү

- Гурвуулаа явж байна

Ийн ярилцах зуур бид манай машинд дөхөн ирлээ. Тэрээр машин руу тонгойж харснаа:

- Эмэгтэй хүнтэй яваа юм уу, хаанаас авсан юм

- Биеэ үнэлэгч биш ээ, тайлбарлаж өгье, чи суучих

Нэлээд эргэлзсэнээ манай ажилтан бүсгүй рүү ширэв татсаар машинд суув. Ингээд бид түүнээс цагийн мөнгийг нь нугалж өгье хэмээн гуйж, тэр ч нэлээд цааргалж сүүлдээ хүн дуудлаа шүү хэмээн сүрдүүлсээр эцэст нь бичлэг хийхгүй, зураг авахгүй, цагдаа нар асуусан ч зааж өгөхгүй, эхлээд мөнгөө өгнө хэмээн элдвээр тохиролцсоны дараа бидэнд яриа өгөхөөр болсон юм.

- Саппорогийн орчимд ойролцоогоор хэдэн биеэ үнэлэгч байна вэ?

- Арав, хориод юм бий, намар болоод оюутнууд цуглахаар бүр ихэснэ дээ.

- Өвлөөр ч зогсоно биз?

- Өвлөөр ичээний маягтай болж, охидууд суулгадаг газруудтай тохирно эсхүл бааруудаар явна даа зардал ихтэй хэцүү болчихдог юм

- Хэзээнээс Саппоро ийм болчихов оо?

- Удаж байна шд, ноднин намраас би энд ирдэг болсон

- Бусад чинь ч бас чам шиг үнээр явах уу?

- Тэгнээ, зарим нэг архичин балай авгай нар ханш унагах гээд байдаг юм

- Зохион байгуулалттай, бүлгээр ажилладаг уу?

- Тиймээ, гэхдээ ихэвчлэн өвлөөр, хушга Жааяа мэтийн гарууд ирж буудал саун зохицуулж өгдгийн

- Хушга Жааяа гэж хэн бэ?

- Буудлын эзэн авгай байсын, дампуураад архинд орцон, ихэвчлэн шинэ цэргүүдийг л зохицуулна даа

- Шинэ цэргүүд гэдэг нь?

- Шинэ охидууд аа, чи чинь ямар дүп юм бэ

- Одоо чи биеэ үнэлээд хэн нэгэнд хувь өгдөг үү?

- /хэсэг чимээгүй болов/ Одоогоор үгүй өвлөөс бол өгөх л болно

- Цагдаа нар та нарыг ингээд зогсоогоод байдаг юм уу, энэ хавийн оршин суугчид мэдээж гомдоллодог л байлгүй?

- Ямар Хархорин биш дээ, сүртэйн

- Цагдаа нар?

- Тэд нар яадгын, хааяа хааяа тохирчихно шд /чангаар инээв/

- Юугаар тохирох вэ?

- Нэг баригдаад, нэг гараад тэгсээр байгаад таньдаг шахуу болсон цагдаагаа гуйгаад жаахан юм өгчихнө. Чамд ер нь хамаагүй ээ, өөр юм асуувал асуу үгүй бол одоо дуусгая

- За за, чи хэдэн настай вэ, сургуульд сурсан уу?

- Эмэгтэй хүн насаа хэлдэггүй биз дээ, Идэр дээд сургуульд сурч байгаад гарчихсан.

- Яагаад?

- Төлбөрийн чадваргүй, угаасаа сурах ч сонирхолгүй болсон

- Яагаад?

- Мэргэжлээ буруу сонгосон юм шиг байна лээ, би их сайн бүжиглэдэг, бүжигчин болно гэж боддог байсан юм

- Ар гэрийнхэн чинь мэддэг үү?

- Мэдэхгүй ээ, би нийтийн байранд нэг найз охинтойгоо амьдардаг

- Найз охин чинь бас чам шиг ажил хийдэг үү?

- Хааяа намайг дагаж явдгын, гэхдээ найзыг дагуулчихвал Хөдөө аж ахуй хавиар л зогсдгын

- Яагаад?

- Эндхийн авгайчууд шинэ охидуудад дургүй, үйлчлүүлэгчээ алдана гээд алаан болно шүү дээ

- Чамд бол зүгээр үү?

-Би анхнаасаа зохицоод удчихсан болохоор хүлээн зөвшөөрөгдцөн, тамхи өгөөч

- Хүлээн зөвшөөрөгдөнө гэхээр яадаг вэ?

- Өгөх хүнд нь өгөх юмаа өгчихнө, тэгээд л явж байтал болно доо. Намайг хаялга сайтай гэдэг юм.

-Тэгвэл чи бусдаасаа их орлоготой гэсэн үг үү

-Чи сая заримыг нь хараа биз дээ тэд нартай намайг харьцуулах уу?

-Сайн анзаарсангүй,баарнаас үйлчлүүлэгчээ хайж болдоггүй юм уу, заавал гудамжинд зогсох дуртай юу?

- Цаг их орно, энд зуны цагт бол давгүй шд. Энэ өвлөөс төв бараадна.

- Улаанбаатарын үүдийг хэлж байна уу?

- Улаанбаатарын үүдээр очвол тэр хавийн авгай нарт алуулна. Хөдөө аж ахуйнхнаар таньдаг хүүхнүүд бий, зуучлагч нар нь ч гайгүй

- Зуучлагч?

- Тэр бас чамд хамаагүй, за одоо цаг болох гэж байна би буулаа.

Ингээд тэр бууж одов. Бид ч гудамжны биеэ үнэлэгчтэй хэсэг ч атугай ярилцаж амжсан тул буцаад хотын төвийг зорьсон юм.

Энэ шөнө Доргио зэрэг бужигнаж байдаг баарууд хаалттай байлаа. Харин Санкт-Петрбург буюу Ленин клубын арын нэгэн пабын үүдэнд зогстол машинаа энд зогсоохгүй гар хөөе хэмээн зандарсан залуу 6 болтол ажилллана шүү хэмээн амандаа бувтнаад авав.

Үргэлжлэл бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ