МУИС-ийн хуваарь яаралтай зарна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан гадуур “ШУТИС-д орох хүн байна уу”, “ЭМШУИС-д найдвартай оруулж өгнө”, “МУИС-ийн сургуулийн дуртай ангидаа мөнгөө төлөөд орох хүн байна уу” гэсэн яриа энэ тэндгүй.

Их, дээд сургуулийн хаалганаас татаж чадаагүй хүүхдүүд аль нэг улсын чанартай сургууль бараадахыг бодно. Энэхүү эрэлт, хэрэгцээн дээр үндэслэж, улсын гэх тодотголтой сургуулийн хуваарийг дамлан зарж ашиг олдог хэсэг хүмүүс нийгэмд аль хэдийн бий болжээ. Энэ жилийн тухайд ЭМШУИС-ийн хуваарь хамгийн үнэтэй буюу зургаан сая гэж байгаа бол МУИС болон ШУТИС гурван сая гэж байна. Гэхдээ ангиасаа хамаарч дээш доош хэлбэлзэж байгаа аж.
Ингээд бид МУИС-ийн хувааь яаралтай хямд зарна гэсэн зарын дагуу холбогдсон юм.
-Сайн байна уу. Зарын дагуу ярьж байна. Ямар сургуулийн хуваарь байгаа вэ?
-Сайн сайн. МУИС-ийн Олон улсын эдийн засгийн харилцааны анги байна. Манай хүүгийнх. Гадаадад сурахаар болсон. Тэгээд зарж байгаа юм.
-Хэд гэж байгаа вэ?
-Хоёр сая 500 мянга. Гэхдээ ярьж болно.
-Яг хэдэд өгөх вэ?
-Хоёр сая. Өөр доошоо байхгүй. Хамгийн доод үнэ. Гадуур үүнээс үнэтэй байгаа.
-Танай хүүхдийн нэр дээр байгаа юм бол боломжгүй юм биш үү?
-Боломжтой. Сургуулийн бүртгэл эхлэхээр сургалтын албатайгаа ярьж байгаад нэрийг нь өөрчлөөд бүртгэж болно.
-Би өөрөө тэгж хөөцөлдөж чадахгүй байх аа. Та хөөцөлдөөд өгөөч. Мөнгө төгрөгийг нь нэмье?
-Амархан. Сургалтын албаны аль нэг хүнтэй нь яриад 500 мянган төгрөг атгуулаад болно. Ах нь бол амжихгүй. Сая хэдэн хүүхэд оруулсан болохоор үгүй гэх байх аа.
-Баталгаатай юу. Орлоо гэж бодоход асуудал үүсэхгүй биздээ?
-Баталгаатай. Хэрвээ орсны дараа асуудал үүсвэл ах нь зохицуулж өгч болно оо.
Ингээд өөр нэгэн зар луу холбогдсон юм.
-Сайн байна уу. Зарын дагуу ярьж байна?
-Аан. Ямар зар юм бол.
-МУИС-ийн Социологийн ангийн хуваарь зарна гэсэн байна?
-Байгаа байгаа. Манай хүүхэд өөр сургуулийн урилгатай. Тэгээд сая ЭЕШ-аар энэ ангийг авсан. Орохгүй болохоор зарах гэсэн юм аа.
-Хэдээр зарах вэ?
-Хямдхан өгнө өө. 300 мянга. Уг нь үүнээс үнэтэй байдаг юм билээ. Эгч нь тэгж үнэрхэхгүй.
-Баталгаатай юу?
-Баталгаатай. Үнэхээр авна гэвэл би удахгүй хот орно. Тэгээд очоод шууд нэрийг чинь солиод өгчихнө.
-Үнэхээр их, дээд сургуульд ороход ийм амархан болсон юм болов уу. Нэг хэсэг нь хүч хөдөлмөр, мэдлэг оюунаа зарцуулан байж их сургуулийн хаалгыг татаж байхад нөгөө хэсэг шууд л хүссэн сургуулийнхаа хүссэн ангиа мөнгө төлөн орж байна. Байдал ийм болчиход байгаа юм бол яршиг зүгээр мөнгөтэйнүүдэд нь сургуулийг хуваарийг шууд зараад, мөнгөгүйнүүдийг нь шалгалтад оруулдаг болгочихвол яасан юм. Тэгэхгүй бол тэр баян айлын хоосон толгойт энэ ядуу айлын гавал толгойт хоёрт ялгаа байхгүй болчихлоо ш дээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ