Н.Гантөмөр: Нийслэлчүүдийг дулаанаар хангах нь бидний гол зорилго

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр УС-15-ыг буулгаж, оронд нь шинэ дулааны станц барьж, “Чингис” бондын хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн тухай мэдээллээ.
Түүний хэлж буйгаар шинэ станц барих аж ахуйн нэгжийг хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж, Эрчим хүчний яам сонгон шалгаруулсан байна. Мөн барилгын зураг төсвийн ажлаа баталгаажуулахаар ажиллаж байгаа ажээ.
Уг нь энэ ажлыг өмнөх Засгийн газрын үед хийх байсан ч дарга нар үүнд нэг их анхаарал хандуулаагүй. Гэтэл өдгөө нийслэл хотын хүн ам саяыг хол давж, барилгажилт ид өрнөж буй учраас Улаанбаатар хотын удирдлагууд энэ ажилд гол анхаарлаа төвлөрүүлж буй юм.
Мөн энэ ажлыг Н.Гантөмөр даргын удирдсан ажлын хэсэг санаачлан хэрэгжүүлж байгаа ажээ. Одоогоор УС 15-ын газар чөлөөлөлтийн ажилд зориулж, нийслэлээс зургаан тэрбум төгрөг зарцуулжээ.
Газар чөлөөлөхийн тулд хуучин УС-15-ын барилга байгууламжийг буулгасан бөгөөд гэрээний дагуу арванхоёрдугаар сарын 15-нд багтаагаад эхний зуух ашиглалтад орох ёстой гэсэн. Н.Гантөмөр дарга энэ талаар “Бид хугацаандаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Амгалан дулааны станц ашиглалтад орсноор 13-р хорооллын хэмжээний хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм.
УС-15-ын хувьд 11.6 орчим га газрыг чөлөөлөх ёстой. Одоогоор зургаан га орчим газрыг нийслэлийн төсвөөс нөхөн олговор олгож, чөлөөлөөд байна. Амгалан дулааны станц барих ажил үндсэндээ дөрөвдүгээр сараас эхэлсэн шүү. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын Захирамж, Засгийн газрын шийдвэр гарсны дараа тавдугаар сараас эхлэн хуучин барилгыг буулгаж эхэлсэн. Энэ ажилд тэр хавийн оршин суугчид,иргэд маш идэвхи, санаачлагатай оролцсон гэдгийг зориуд хэлмээр байна. Олон жиламьдарсан хашаа байшингаа буулгаж, нүүнэ гэдэг тийм амар зүйл биш. Гэхдээ иргэд энэ асуудалд маш идэвхитэй хандаж газраа бүрэн чөлөөлсөн байгаа” гэсэн юм.
Тэрбээр нийслэлийн дэд бүтцийг хариуцаж ажиллаж буй учраас V цахилгаан станцын талаар мөн асуусан юм. Учир нь Улаанбаатар хотыг утаанаас салгаж, иргэдийг орон сууцжуулах, томоохон үйлдвэрүүд барьж байгуулахад тавдугаар эх үүсвэр зайлшгүй шаардлагатай.
Н.Гантөмөр даргын хэлснээр V станц цахилгаан, дулаан гэсэн холимог эх үүсвэрийг үйлдвэрлэх аж. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын урд талд Хөлийн голд 44.5 га газрыг V цахилгаан станц барих зориулалтаар Эрчим хүчний яаманд эзэмшүүлэх шийдвэр гарсан.
Одоо энэ газарт Засгийн газрын тогтоолын дагуу Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” хийж байгаа. Энэ газрыг үерийн аманд байрладаг, мөнхийн цэвдэгтэй гэж үзэж байгаа учраас байгаль орчны үнэлгээг заавал хийх учиртай юм. Тиймээс Байгаль орчин ногоон хөгжлийн яам энэ үнэлгээг хийхдээ маш анхаарал болгоомжтой, ажиллаж байх шиг байна. Үнэлгээний ажил дуусаад, албан ёсны шийдвэр гарсны дараа барилгын ажил эхлэх юм гэсэн.
Д.Төгөлдөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ