Аir Магкеt компанийн захирал А.Баасандорж мэдүүлэг өгч эхэлжээ

МИАТ компанийн мөнгийг угааж байсан нөхдүүд өнөөдөр шүүхээс ял сонссон. Харин тэдэнтэй хамт байх ёстой хэмээгдэж эрэн сурвалжлагдаж байсан Аir Магкеt компанийн захирал А.Баасандорж эх орондоо ирж мэдүүлэг өгч эхэлжээ. Мөнгө угаасан гэх хэргийн дуулиан дэгдэх үеэр тэрээр Сингапур руу оргон зайлаад байсан юм. Одоо түүний мэдүүлгийн үр дүнд МИАТ-ын мөнгөөр “Дайны эрсдлийн сан” байгуулан хэчнээн хүн мөнгө угаасан, хэчнээн компани байгуулсан нь тодорхой болсон гэж үзэж байгаа юм.

Гэмт хэрэгтнүүд “Дайны эрсдлийн сан” нэрээр ашигласан мөнгөө Хонконгийн банкаар дамжуулан угаасан хэрэгт “МИАТ компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, дэд захирал асан Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, “Голомт” банкны зургадугаар салбарын захирал асан Г.Саранчимэг нарыг буруутган анхан шатны шүүхээс 10-13 жилийн ял оноосон билээ.

Тэд “Дайны эрсдлийн сан” гэх нэрээр Хонконгт хуурамч компани байгуулан мөнгө угааж, тэрхүү угаасан мөнгөө оруулж ирэн онгоцны тасалбар борлуулдаг Аir Магкеt компанийг байгуулсан гэх мэдээлэл байсан билээ. Хэргийн гол зохион байгуулагч гэгдэн буруутгагдсан Ч.Хоролсүрэн нь “Монголиан Эйрлайнс”, Аir Магкеt компаниудын хөрөнгө оруулагч байсан аж. Тэрээр “МИАТ” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд хожим нь маркетингийн хэлтэст ажиллаж байсан Авирмэдийн Баасандорж гэдэг залууг Аir Магкеt компанийн захирлаар тавьж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ