Анхны “Залуучууд хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Залуучуудын өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Залуучуудын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхээрболсон билээ. Энэхүү ажлын хүрээнд энэ сарын 14-нд Дархан-Уул аймагт орон нутгийн залуучуудад зориулсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Китахара Наоми болон албаны бусад хүмүүс оролцсон юм. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “ Монголын залуучуудын зайлшгүй хэрэгцээ шаардлага болж буй Залуучуудын хөгжлийн төвүүдийг зорилтот орон нутгуудад үе шаттайгаар байгуулна. Залуучуудын хөгжлийн төлөөх энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй бүх байгууллагуудад Монголын мянга мянган залуучуудын нэрийн өмнөөс талархаж байна” гэдгээ уламжиллаа. ХАХНХЯ, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлжбуй “Залуучуудын хөгжил 2013-2017”төслийн нэг хэсэг болж, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт бүлгийн хүн амыг бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусийн халдвараас сэргийлэх” төслийн хүрээнд энэхүү “Залуучуудын хөгжлийн төв” –ийг байгуулж байгаа юм. Орон нутагт залуучуудын хөгжлийн төвтэй болсноор өсвөр үеийн хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжилд эерэг хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Мөн хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд интернет номын санд сууж, хүссэн номоо унших, цахим ертөнцөөр чөлөөтэй аялах, хичээл даалгавраа хийх, урлаг уран сайхны төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах сургалтын танхимуудаар хүссэн цагтаа үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж чадсан нь “Залуучуудын хөгжлийн төв”-ийн давуу тал болсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ