Охидыг худалдан авсан гадаадынханд ч шийтгэл хүлээлгэнэ

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр гадаадын иргэдэд охидын биеийн үнэлүүлдэг бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлсэн. Тодруулбал, ОХУ-ын иргэдийг холбогдуулан УМБГ-т шалгаж байгаа юм.
Тэд “Жуулчдад зориулсан үйлчилгээ” нэрээр удаа дараагийн үйлдлээр 14 охины биеийг гадаадын иргэдэд үнэлүүлсэн аж. Харин мөрдөн байцаалтын явцад тэдгээр охидоос гурав нь насанд хүрээгүй нь тогтоогдсон билээ.
Тиймээс тус газрын удирдлагуудад болон биеэ үнэлсэн охидуудад мөн тэднийг худалдан авсан иргэдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, тус газрын удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.1-т зааснаар бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан, 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн шалгаж байна.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Укриан, Белорусс зэрэг улсын иргэд зүүн Европ, Азийн шинэ тулгар хөгжиж буй эдийн засагтай, хууль эрхзүйн зохицуулалт сулавтар орнуудад ихээр цагаачлан гарч гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүд байгуулан мөнгө угаах, мансууруулах бодисын наймаа, хүний наймаа биеэ үнэлэлтийг зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.
Ялангуяа Азийн Тайланд, Филиппин, Малайз, Лаос, Вьетнам зэрэг орнуудад оросын мафиуд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Энэ байдал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй ч хууль эрх зүйн орчны цоорхой ихтэй манай оронд ч сүүдрээ тусгах болсон нь нууц биш. Үүний нэг жишээ нь дээр дурдагдсан хэрэг ч болж мэднэ.
Нэлээдгүй хэдэн жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Орос байшин” ХХК өдийг хүртэл хууль зөрчсөн үйлдлээ нуун дарагдуулсаар ирснийг манай хууль хяналтын байгууллагууд илрүүлж олон нийтэд дэлгэх биз ээ.
Ямартай ч насанд хүрсэн, хүрээгүй олон охидыг биеийг нь үнэлүүлж хууль бусаар мөнгө олж байсныг нь манай цагдаагийн байгууллага илрүүлээд байгаа.
Борооны дараахь мөөг шиг болсон гадаадын иргэдийн олон баар саун, бассейнд, үйлчилгээ нэрийн дор Монгол Улсын хуулийг гууль болгож буй жишээ өч төчнөөн байгаа нь ч дамжиггүй. Тэд Монголд мөнгө олох гэж л ирдэг.
Байгалийн баялгийг нь үнэ цэнтэй бүхэнтэй нь хуу хамах гэсэн харийнхны өврийг дулаацуулж яваа монгол охидод ч хариуцлага тооцно.
Жишээ нь дээр дурдсан охидуудад амар хялбар аргаар мөнгө олохын тулд биеэ үнэлсэн хэмээн захиргааны хариуцлага тооцох төдийгүй насанд хүрээгүй охидтой хурьцал үйлдсэн япон иргэдэд 122.1-т зааснаар хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн хэмээн буруутган шалгаж байна.
Одоогоор кино үйлдвэр дэх Эрхүүгийн амралтын газрын үйл ажиллагааг зогсоон шалгаж байна.
Тус амралтын газар нь өмнө нь бассейнд нь хүн живж нас барсан асуудлаар цагдаагийн байгууллагад удаа дараа шалгагдаж байсан боловч хэрэг нь хэрэгсэхгүй болж үйл ажиллагаагаа явуулсаар байсан аж.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ