Монголчууд молигодуулж ханахгүй байна

Монголчууддаа молиго үмхүүлдэг болоод удаж байна. Анх гурван жилийн өмнө “Cosmopolitan” сэтгүүлийн Монгол дахь салбарын нээлтэд зориулсан томоохон хэмжээний тоглолтод алдарт “Pussycat Dolls” хамтлагийн ахлагч, дуучин Николь Шерзингер оролцоно гээд дуулиан тарьж, тоглолтын тасалбараа чамлахааргүй өндөр үнээр зарсан.

Гэтэл тоглолт болохын өмнөхөн түүнийг ирэх боломжгүй гэж дуулгаж, олон хүний сэтгэлийг гонсойлгоод байсан. Ирэх боломжгүй болсон шалтгааныг 20-30 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт явдаг учраас тусгай зориулалтын нисэх онгоц шаардсан хэмээн хүн итгэмээргүй тайлбар хийж байсан. Ичих нүүргүй луйвар бол энэ. Монголчуудыгаа л хөөрхөн доромжлоод авч байгаа юм л даа.

Түүний араас Америк төдийгүй дэлхийн нэртэй од, реппэр, хөгжмийн зохиолч, продюсер Armando Christian Pйrez буюу Pitbull Монголд хүрэлцэн ирж тоглолтоо хийнэ мэдээлэл цацагдсан даруйд тасалбар нь дууссан.

“Түүний тоглолтыг Монголд авчрах талаар нэлээд эртнээс яригдаж байсан бөгөөд саяхан дуучин залуугийн төлөөлөгч нь энд ирээд явсан байна. Нэлээд хатуу нөхцөлтэй гэрээтэйгээр Монголд ирж тоглох тухай албан эх сурвалжууд ярьж байна” хэмээн мэдээлж байсан.

Гэтэл тэрбээр мөн л ирээгүй. Хэдийгээр тоглолт нь долдугаар сард тоглогдох байсан ч тавдугаар сард тасалбар нь дууссан байсан. Мөдхөн нөгөө долдугаар сар болоход “түр хойшиллоо, ирэх есдүгээр сард ирнэ” хэмээн үргэлжлүүлэн молигодсон.

Бас болоогүй ээ, энэхүү молиго үмхүүлж, шоу хийдэг үргэлжлэлийг “Backstreet boys” хамтлаг үргэлжлүүлсэн юм. Энэ оны дөрөвдүгээр сард тоглолтоо хийнэ хэмээн өөрийн цахим хуудаснаа тавиад байсан ч мөн л тоглолтын тов арчигдаж, цуурхал болоод л өнгөрсөн.

Хамгийн сүүлд л гэхэд “Масс II” буюу шинэчлэгдсэн “Масс” шөнийн клубын нээлтэн дээр “Kazaky” хамтлаг ирнэ гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараад байсан. Гэтэл мөн л ирэх есдүгээр сард болоод хойшлогдсон. Хойшлуулсаар байгаад л замхардаг тал бий. Масс клубын шинэ босс Мотив хамтлагийн дуучин Жижгээ хамгийн богино хугацаанд хамгийн ихээр эрсдэлгүйгээр мөнгө олох мэргэн арга олсон нь нөгөөх молиго бололтой.

Үнэхээр ч Масс клубын нээлт дээр Казаки хамтлагийг үзнэ хэмээн найдсан олон залуусын итгэл найдвар, хүлээлт талаар болж Жижгээгийн доогтой инээмсэглэл дор түрийвч нь түнтийгээд л үлдсэн байх.

Гэтэл энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжлэх эрсдэл ч байсаар. БНСУ-ын охидын хамтлаг T-ara ETV телевизийн урилгаар Монголд ирэхээр болжээ. Тэд есдүгээр сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглоно гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ үнэн эсэх нь цаг хугацаа л харуулах нь үлдээд байна.

Хэн нэгэн хувь хүн болон байгууллагын ашиг хонжоо болоод үлдээд байгаа энэ худал хуурмаг мэдээллүүдэд төрийн байгууллагын хяналт хэрэгтэй болоод байна. Хэн нэгний нэр хүндээр шоу хийж, цэвэрхэн бизнес болгоод энэ байдалд монголчууд өөрийн гэсэн дүгнэлтийг хийх цаг нь иржээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ