ШШГЕГ-ын ажилтан ямар учраас амиа хорлох болов

Энэ сарын 14-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд Туул голын эрэг орчмоос эмэгтэй хүний цогцос олжээ. Тодруулбал, Баянзүрхийн товчооны ойролцоо буюу Адам, Евагийн хөшөөний орчмоос Налайх дахь Шийдвэр гүйцэтгэх албанд ажилладаг 26 настай эмэгтэй О гэгчийг амиа хорлосон байхад нь олсон юм. Улмаар ар гэрийнхэнд нь мэдэгдсэн боловч тэд охиноо амиа хорлох хүн биш хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Хэдийгээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнийг амиа хорлосон хэмээн үзэж хэргийг хаах гэсэн боловч ар гэрийнхэн нь хэн нэгний дарамтаас болсон хэмээн гомдол гаргаад байгаа аж. Иймд хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.

Энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Налайх дахь Шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байсан 26 настай эмэгтэй О гэгч амиа хорлосон нь үнэн. Гэхдээ үүнд даргын дарамт огт хамаагүй. Түүний амиа хорлосон шалтгаан ажилтай нь огт холбоогүй” гэх тайлбарыг өгсөн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач гэрээслэлдээ “...Миний хараа муу. Өдрөөс өдөрт хорвоог харах нүд минь муудаж байх шиг. Энэ байдал маань намайг амьд явах сонирхолгүй болгож байна. Хорвоог харж чадахгүй амьдарч чадахгүй. Гомдолгүй...” гэх мэтээр бичсэн байжээ. Гэвч ар гэрийнхэн нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Юутай ч түүнийг амиа хорлосон уу, үгүй юу гэдгийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ