Нарантуулын дараагийнх...

Гай зовлон ёрлолоо хэмээн зэмлэх байх. Бөмбөгөр, Выставка, одоо Нарантуул, дараа нь ямар газар хариуцлагагүйн гайгаар олон арван иргэдийг араасаа дагуулан хохирох болоо. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа замбараагүй олон худалдааны төвүүдийг хариуцлагаа дээшлүүлж, хөдөлмөр хамгаалал, ажлын байрны аюулгүй байдлаа анхаарч ажиллахыг сануулсандаа ийнхүү өгүүлж байна.
1999 онд ашиглалтад орсон гэх Нарантуулын хүнсний захын сэндвичэн барилга улсын комисст одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй 14 дэх жилдээ том толгойлсон байх юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2004 оноос эхлээд “Нарантуул” ОУХТ-д шалгалт хийж эхэлжээ. Энэ үеэс л Улсын комисс хүлээж аваагүй, галын дохиолол байхгүй гэх мэт олон зөрчил дутагдлыг илрүүлэн, улирдлагуудад нь удаа дараа шаардлага тавьж байж. Гэсэн ч их хэмжээний орлого олдог хэрнээ хариуцлага, аюулгүй байдлын асуудалд хашин морь шиг хайнга хандаж, үе үеийн холбогдох байгууллагуудын удирдлагуудын амыг элдвээр таглаж иржээ.
Угаас Нарантуул захын удирдлагууд түрээслэгчид болон үйлчлүүлэгч түмэн олны эрх ашгийг хүндэлдэггүй, хойрго гэдгээрээ алдартай. Захын хойд талын хөрсөнд шивтрийн хийн бохирдолтод хэт автсаныг Монголд ирсэн Японы эрдэмтэд саяхан баталсан. Ийм хортой нөхцөл байдал Нарантуулын хаа сайгүй ч байж мэдэх.
Энэ хугацаанд гурван чудаа тус худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргаж байсан ч олон хүний амь амьдрал, амьжиргаагаа залгуулдаг тус худалдааны төвийн удирдлагууд хэдэн галын хор үзүүлэн, тоомжиргүй хандсаар өдий хүрчээ.
Эндээс харахад дээгүүр нь дарга нартай тохиролцоо хийгээд, доогуураа галын хор бариад зогсож байсан болж таарна. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн зургадугаар сард хүртэл “Нарантуул”ОУХТ-д шалгалт хийхэд олон зөрчил дутагдал илэрч байсан ч Нарантуулын удирдлагууд үл тоосон байдал гаргаж байсан нь эцэстээ ийнхүү олон хүний амьдралд асар их хэмжээний хохирол учруулж орхилоо.
Ийм байдлаар төрийн байгууллагуудын хариуцлага нэхсэн шалгалтууд, нэхэмжлэлүүдийг үл тоон цөөн хэдэн албан хаагчийн гарыг хүндрүүлж, авлигаар амыг нь таглачихаад үйл ажиллагаагаа хээв нэг явуулж байдаг олон худалдааны төв байгаа.
Бүр давраад нийслэлийн удирдлагуудын гаргасан шийдвэрийг хүртэл үл тоодог жишээгээр Нарантуулын замын урд орших Дүнжингаравыг дурдаж болно.
Э.Бат-Үүл даргын шийдвэрийг цаас чинээ бодолгүй, энэ байдлаа зөвтгөх далд арга боловсруулан олон нийтийн тархийг угаахаар төрийн түшээд, сэтгүүлчдийг цуглуулан сүржин нээлт хүртэл хийж байсныг бид санаж байна.
Өдийг хүртэл Дүнжингарав төвийн газартай холбогдуулан Э.Бат-Үүл даргын гаргасан шийдвэр хэрхсэн эсэх нь бүрхэг хэвээр. Б.Наранхүү гишүүний их хөрөнгөнд Э.Бат-Үүл дарга бууж өгөн шийдвэрээ хүчингүй болгосон уу, эсхүл одоог хүртэл тэр шийдвэрийг Дүнжингаравын удирдлагууд тоохгүй явна уу.
Ямартай ч бас л нэг албан бусаар үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төвийн нэгт Дүнжингаравыг тооцож болно. Дүнжингаравтай холбоотой асуудлуудыг бид тусад нь эргэн сурвалжилж уншигчдынхаа хүртээл болгоно.
Бусад он удаан жилийг өнгөрүүлсэн төдийгүй шинэ байгуулагдсан худалдааны төвүүд галын хорноос илүүц аюулгүй ажиллагааны байдал хангаагүй хэрнээ мөнгө л олж байвал боллоо гэж үздэг, ийм байдалтай бол түрээслэгч, үйлчлүүлэгчид нь ч байнга шаардлага тавьж эрх ашгаа хамгаалж, аюулгүй байдлаа хангаж байх хэрэгтэйг сануулая.
Эс тэгвээс хэн нэгний хариуцлагагүй сэтгэлгээнээс болж олноороо хохирдог байдал дахин давтагдахгүй гэх баталгаа нийгэмд огтхон ч байхгүй билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ