Матрын нулимстай, биеэ өмөөрч суухаа хэзээ болих вэ

Уржигдархан “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр Н.Алтанхуяг үүсээд буй цаг үеийн асуудлуудаар тайлбар хийсэн юм. Тэрээр эдийн засгийг үнэлж цэгнэх таван шалгуурын гуравт нь манай Засгийн газар хангалттай сайн ажиллаж үзүүлэлтийг нь өсгөлөө, харин хоёрт нь хангалтгүй байна, анхаарч ажиллаж байна хэмээн мэдэгдсэн юм.

Мөн үүсээд буй нөхцөл байдлыг янз бүрээр тайлбарлахын сацуу манай засгийн газрын хийсэн ажлыг санаатайгаар харлуулж, унтраах гэсэн хүмүүс их байна, гүтгэлгийн томоохон кампанит ажил өрнөж байна хэмээсэн юм.

Ерөнхий сайдын хувиар таны амнаас гарч байгаа үг бүр нийгэм, эдийн засгийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлэхийн хувьд эдийн засаг гайгүй байна аа, хоёрхон л юм байна хэмээн хэлэх нь зүй ёсны зөв асуудал.

Олон нийтийн санаа бодлыг тайвшруулж хямралыг гүнзгийрэхээс сэргийлэх нэг алхам л гэсэн үг.

Гэхдээ таны хэлээд буй тэр гүтгэлгийн кампанит ажилд нь Ерөнхий сайд та хүртэл өөрийн биеэр оролцож байгаагаа мэдэхгүй байна гэж үү. Таван толгой дампуурлаа гэж ирээд л.

Бас таны удирдлагад ажилллаж байгаа, ухаан муутай сайдуудын чинь амнаас унаж буй мунхаг үг, үйлдэл бүхэн нь Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндийг унагаж, таны хэлсэнтэй эрс тэс зөрүүтэй зүйлсийг мэдэн будилан хэвлэлүүдээр чалчих юм.

Энэ бүхэн мэргэшсэн эдийн засагчдын нүдэнд инээдтэй болон үзэгдэж, тэр хэрээрээ Засгийн газрын ажил үйлсийг муулахаас аргагүйд хүрдэг биз.

Тэдгээр “ёсгүй эдийн засагчдын” хэлсэн үг Ерөнхий сайдын маань нүдэнд гүтгэлгийн кампанит ажил болж харагдаад байгаа бололтой. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт, валютын ханшийн өсөлт бол эдийн засгийн үзүүлэлтэд нэг их нөлөө болохгүй шахуу юм ярьж орхисон.

Цагаан сар, хичээлийн шинэ жилийн үеэр болдог л нэг валютын ханшийн өсөлт хэмээн залах нь ерөнхий сайд маань өөрөө ч эдийн засгийн барагтайхан мэдлэгтэйн улмаас үнэнээсээ яриад байна уу, эсхүл олон нийтийг тайвшруулах гэсэндээ ийнхүү мэдэн будилж байна уу гэдгийг ялгахад бэрх юм болоодхов.

Өөдрөг үзэлтэй ерөнхий сайдаа буруутгахыг хүсэхгүй хүн ч олон бий байх. Гэхдээ ам, ажил хоёр бодит байдал дээр тэс өөр байгааг ард түмэн л эцсийн эцэст мэдэрч байгаа.

Өөртөө нэг ч юманд буруу өгдөггүй, биеэ өмөөрч матрын нулимс унагаж суудаг сайд маань хөөрхөн ч юм уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ