Анонимоус буюу хил хязгааргүй довтлогчид

Анонимоус буюу орчуулвал “нэргүй, тодорхой нэр байхгүй” хэмээх утгатай энэ үг сүүлийн үед цахим ертөнцөд ихээхэн дуулиан шуугианыг дэгдээх болсон билээ.
Тэд олон улсын тагнуулын байгууллагууд тэр бүр нэвтрээд байдаггүй Америкийн засгийн газар, болон Пентагоны сайт руу нэвтэрч чадсан, хакер хэмээх интернэттэй нас чацуу шахуу “мэргэжил” эзэмшигчдийн бахархал болсон бүлэг юм.
Олон улсын шилдэг хакеруудыг эгнээндээ нэгтгэж зохион байгуулалттай, тодорхой зорилготой, бодлоготойгоор үйл ажиллагаагаа явуулж албан ёсны мэдэгдэл хийдгээрээ Анонимоус бусад хакеруудын бүлгүүдээс ялгаатай.
Тэд өнгөрсөн даваа гаригт Сирийн батлан хамгаалах яамны сайтыг хакердаж орхисон тухай мэдээлэл CNN-ээр цацагдаад удаагүй байна.
{!!!left!!!} Сирийн зэвсэгт хүчин ард иргэдийнхээ өөдөөс зэвсэг хэрэглэж ерөнхийлөгч Башар аль Ассадын гар хөл болж байгааг тэд хурцаар шүүмжилсний үндсэн дээр энэхүү халдлагыг хийсэн гэнэ.
Гэтэл саяхан шинэ мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж шуугиан дэгдээж эхэлсэн нь Анонимоусын дараагийн бай нь нийгмийн харилцааны чухал хэрэгсэл болж хувираад буй Facebook болох тухай гэнэ.
Анонимоусын үзэж буйгаар Facebook сайт нь энгийн иргэдийн хувийн чанартай мэдээллийг төрийн байгууллагууд болон арилжаа сурталчилгааны, шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллага, компаниудад худалддаг гэнэ.
Тиймээс энэ явдлыг таслан зогсоохын тулд Анонимоус удахгүй Facebook-ыг цахим ертөнцөөс арчина хэмээжээ. Facebook-ын CEO Марк Зукерберг ч энэ талаар мэдээлэл хийж Анонимоусын мэдэгдлийг үгүйсгээд байгаа. Зарим шинжээчид Анонимоус тодорхой даалгавар буюу, улстөрийн зорилготой энэ алхмыг хийх гэж байна хэмээн мэдээлээд байгаа.
АНУ-ын кибер довтолгоотой тэмцэх газрын дарга асан Жоэл Брейнер нэгэн удаа “”хятадын засгийн газрын бэлтгэгдсэн хакеруудын дайралтанд өртөж байснаас илүүтэй хохирлыг Анонимоус бидэнд амсуулж чадлаа” хэмээн хэлж байснаас хойш дэлхийн ертөнц тэднийг андахаа больсон билээ.
Анонимоус нь өөрсдийн хаанаас дайралт хийж байгаагаа гайхалтай далдлаж чаддаг, тиймээс ч тэднийг буруутгахаасаа илүүтэйгээр өөрсдийн сүлжээг маш сайн чангатгах арга хэмжээг авах нь илүү ухаалаг юм хэмээн Брейнер нэмж хэлсэн байдаг.
Улс орнуудын батлан хамгаалах салбар төдийгүй, бүх салбарын байгууллага, хувийн хэвшил болон засгийн газар бүгд электрoн системээс хэтэрхий их хамааралтай тул хакерууд системийн мэдээллийг хуурч, замбараагүй байдлыг үүсгэж байгаа нь цөмийн бөмбөгний дараа гарч буй хамгийн орчин үеийн хамгийн хор хөнөөлтэй зэвсэг болж эхэллээ хэмээн хэвлэлүүд бичдэг.
Америкийн засгийн газрыг тэвдүүлж чадсан Анонимоус бүлэг яг тийм орчин үеийн хор хөнөөлтэй зэвсгийн нэг бөгөөд Wikileaks сайтыг үүсгэн байгуулагч алдарт Жулиан Ассанжийн дэмжигчид. Учир нь Жулиан Ассанж ч цагтаа тэдний нэг явсан гэлцдэг.
Тиймээс Анонимоусынхан Жулиан Ассанжийг баривчлагдсаныг эсэргүүцэн тус сайттай хамтран ажиллахгүйгээ мэдэгдсэн компаниудын вэб сайтууд руу халдлага хийж, үйл ажиллагааг нь доголдуулж асар их хохирол учруулаад амжсан.
Тэдгээр компаниудын дотор электрон сүлжээгээр төлбөр тооцоо хийх олон улсын хэмжээний нүсэр том сүлжээ болох Paypal, Amazon болон MasterCard компаниуд байсан юм.
Anonymous бүлгийн вэбсайтыг хакердах гол аргачлал нь DDoS төрлийн дайралт юм. Энэ нь вэб сайт руу зохиомлоор асар их хэмжээний өгөгдлийг нэгэн зэрэг өгч, улмаар серверийг эвдлэн ажиллагаагүй болгодог арга аж.
Энэ аргаар дээрх компаниуд хэрээс хэтэрсэн ачааллын улмаас аварга хүчит серверүүд нь хэд хоногийн турш эвдэрхий сэг болж хувирч байсан.
WikiLeaks сайт АНУ-ын дипломат сувгийн талаарх мэдээллийг дэлхий даяар цацаж байсныг та бүхэн санаж байгаа буй за. Wikileaks-ын энэ агуу амжилт нь цаагуураа НАТО, Пентагоны вэбсайт руу нэвтэрч мэдээлэл хулгайлж дөнгөдөг Анонимоустой холбоотой хэмээн шинжээчид дүгнэдэг.
Анонимоусыг заримдаа хактивистууд буюу улстөрийн шалтгаанаар зохион байгуулалттай цахим халдлага хийгчид ч гэж нэрлэдэг.
Өнгөрсөн оныэхээр Sony корпораци өөрийн 100 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг хакеруудын гарт алдсан хэрэг дэгдэж байсан. Тэгвэл Sony Анонимоусыг энэ явдалд буруутгаж байсан ч хактивистууд өөрсдийгөө энэ хэрэгт хамааралгүй ба халаасны хулгайчид биш гэдгээ илэрхийлээд амжсан юм. Энэ нь ч батлагдаж LulzSec буюу ногоон малгайтнууд хэмээн алдаршсан хакеруудын бүлэг энэ хэргийг үйлдсэн нь сүүлд нотлогдсон юм.
Харин энэ үед Анонимоус Ираны улстөрийн сайтуудыг овоо хараандаа авч ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Учир нь Иран улс хүний эрхийг ихээхэн зөрчдөг бөгөөд Анонимоус Ираны ард иргэдийг цахим эрх чөлөөгөөр хангагдахыг хүссэн ажээ. Тэгэхээр Анонимоусыг хулгайч, дээрэмчин гэхэд боломгүй мэт.
Анонимоусыг Итали, Испанид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг учраас тэр хавиар л цагдаагийнхан эрж хайдаг.
Гэсэн ч цахим ертөнцөд үйл ажиллагаагаа явуулдаг хакеруудыг олж барих нь ямар ч гэмт хэрэгтнүүдийг мөрдөхөөс илүү хэцүү байдаг гэнэ.
Анонимоусын зарим гишүүд Итали, Испанид цагдаагийнхны гарт орсон тохиолдол бий. Гэсэн ч бүлгийнхэн тэдний хариуг жинтэйхэн авч орхидог. Энэ сарын эхээр италид нэгэн залууг Анонимоусын гишүүн хэмээн баривчилсан ба үүнийх нь хариу болж Италийн хууль сахиулах байгууллагын төв архив довтолгоонд өртсөн.
Анонимоусыг анх 2003-2004 онд үүсэн байгуулагдсан хэмээн хууль хяналтынхан үздэг гэнэ. Испанийн цагдаа нар тус бүлгийн 5 гишүүнийг баривчилсны дараа зарим мэдээллүүд ил болсон. Энэ нь Анонимоус дэлхийн олон оронд нууц салбаруудтай ба тогтсон төв оффис, албан байр мэт байдаггүй, интернэтэд холбогдсон компьютер байхад л бүх зүйл хангалттай байдаг аж. Анонимоусын ихэнх гишүүд АНУ-ын харьяалалтай европ, ази олон үндэстнээс бүрддэг талаар тэдгээр баривчлагдсан гишүүд нь ам алдсан гэх. Гэсэн ч тэд үүнээс илүү ихийг мэдэхгүй нь батлагдсан гэнэ.
Ямартай ч Анонимоусын удирдлага маш нууц байдлаар цэгцтэй, өндөр зохион байгуулалттай ухаалаг ажилладаг гэдэг нь ойлгомжтой. Тэдэнд цахим ертөнцийн дотор нэвтрэхгүй газар үгүй гэдэг нь батлагдаад буй энэ үед Facebook-т ийнхүү аюул учраад байна.
О.Наранхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ