Төлсөн татвараа буцааж авъя

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машинууд л замын хөдөлгөөнд оролцоно. Маргааш сондгой, тэгээд тэгш гээд явах юм гэсэн. Замын хөдөлгөөн шууд сийрэгшээд юун түгжрэл гэцгээх юм гэнэ. Үгүй зүгээр л дээ. Тэгшүүд яваад сондгой нь амарч байх хооронд нь хүмүүс тролейбусаар үнэгүй зорчоод, хичээлийн бэлтгэлээ хангаад, бас зам засварын ажлаа амжуулна гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдэгдсэн.

Хаа хаанаа хэрэгтэй л дээ. Нийслэлийн захиргаа болон машингүй хүмүүст гэсэн үг. Харин машинтайнууд нь энэ хязгаарлалт, эсэн бусын хоригийн гол бай. Тэд автын үзлэгийн татвар, хураамжийн зэрэгцээ агаар бохирдуулсны төлбөр зэргийг төлсөн эсэхээс үл харгалзан машинаа хэд дэх өдөр унах, унахгүйгээ төр засгаар заалгаж байгаа юм.

Хэдийгээр хотын ажил бол олон нийтийн тусын тулд, хүмүүс хүүхдийнхээ хичээл сургуульд бэлдэх нь улсын хөгжлийн төлөөх ажил ч машинтай болсон нь машинтай хүмүүсийн буруу биш. Угаасаа Улаанбаатарт машинтай болон машингүй хүмүүсийн тоо бараг тэнцүү байгаа.

Тийм болохоор олон нийтийн тусын тулд гэх утопи шалтгаанаар хүмүүсийг хувийн өмчөө ашиглахад нь саад болох гэдэг үнэндээ зөв бодлого биш. Бүр шуудхан хэлэхэд манай төр засагт хувийн өмчийг үгүйсгэх, хаах боох бодлого байсар байгаа. Олон нийтэд ч ялгаагүй. Үнэтэй сайхан машин унасан хүн бол нийгмийн дайсан ба машингүй хүмүүсээс хулгайлсан мөнгөөр машин авсан нь тодорхой гэдэгт одоо ч итгэдэг. Авлига авсан, төсөв зувчуулсан этгээдүүдээс бусад мөнгөтэй хүмүүсийг олон улсын шударга бизнест дараах байдлаар тодорхойлно. “Ухаантай хүний ухаан нь мөнгө болж түрийвч рүү нь ордог” гэж.

Өчнөөн удаан хөдөлмөрлөж, унаж, босож, уруудаж, өгсөж явсаар хуримтлал үүсгэнэ. Хуримтлал үүсгэхэд ч ухаан ордог. Харин дараа нь дутах зүйлгүй сайхан амьдрах гэж байхад нь засгаас шуудхан “Нэг өдөр машинаа уна, нэг өдөр тролейбусаар яв. Машингүй хүмүүсээ хүндэл” гээд унахаар ямар хэрэг байх вэ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ