Жудо бөхийн ДАШТ-ий 60, 48 кг-ын жингийн сугалаа гарлаа

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 болон эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаан болох юм. Жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Бразилын Рио Де Жанейрод энэ сарын 26-наас буюу өнөөдрөөс есдүгээр сарын 1-нийг хүртэл болно.

Тэмцээнд эх орноо төлөөлөн зодоглох тамирчид наймдугаар сарын 19-ний өдөр Бразилийг зорьсон. Энэ жилийн дэлхийн аваргын нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу болох юм.

Монголын жүдо бөхийн холбооны тухайд эрэгтэйчүүдийн барилдаанд хөнгөн жиндээ гол анхаарлаа хандуулж, 60, 66 ба 73 кг-ын жинд тус тус хоёр тамирчнаа сойхоор шийдвэрлэсэн. Харин 81, 90 болон -100 кг-д тус тус нэг тамирчин дэлхийн аваргын татамид хүч сорих бөгөөд +100 кг-д өрсөлдөх Б.Сугаржаргал хувийн барилдаанд биш багийн барилдаанд зодоглоно.

Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч О.Балжинням, Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор дэлхийн аваргын татамид 19 жудоч барилдана. ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулая.

Эрэгтэй:

60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар

66 кг: С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг

73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир

81 кг: О.Ууганбаяр

90 кг: Х.Цогтгэрэл

-100 кг: Б.Тэмүүлэн

+100 кг: Б.Сугаржаргал,

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг

52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ

57 кг: Д.Сумъяа

63 кг: Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг

70 кг: Ц.Наранжаргал

78 кг: Т.Мөнхтуяа нар өрсөлдөнө.

Өчигдөр 60 кг болон 48 кг-ийн жингийн сугалаа явагдаж оноолт хатуухан таарчээ. М.Уранцэцэг эхний тойрогтоо хийлээд Куба, Италийн аль ялсан жудочтой барилдана. Манай бөхийн хэсэгт Унгар, АНУ, БНХАУ, Куба, Италийн бөхчүүд таарчээ. Мөн энэ жинд Г.Отгонцэцэг ОХУ-ын жудочтой оноолт таарсан бол өрсөлдөгчөө ялбал дараагийн тойрогтоо БНАСАУ-Укрианы ялсан жудочтой хүч үзнэ.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдах манай улсын хоёр жудоч хоёулаа нэг хэсэгт сугалаа таарчээ. Г.Амартүвшин эхний тойрогтоо БНАСАУ-ын жудочтой хүч үзэх бол тэрээр өрсөлдөгчөө ялбал Португал Марокко улсын хоёр тамирчны ялсантай барилдана. Тэгвэл Г.Болдбаатар эхний тойрогтоо Колумбын бөхтэй учраа таарсан бол хожвол Чех Нидерландын ялсантай хүч үзэх юм.

А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ