Т.Сайнжаргал: Хохирогчоор тогтоох ажил явагдаж байна

Нарантуул Олон улсын худалдааны төвийн хүнсний битүү зах өнгөрсөн баасан гарагийн 06.20 цагт бүхлээрээ шатаж, 300 гаруй түрээслэгч иргэд эд хөрөнгө, бараа материалаараа хохироод байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гарган Нарантуул худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Цаг үеийн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Сайнжаргалаас тодрууллаа.
-Одоогийн байдлаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Мөрдөн байцаалтын үйл ажиллагаагаа үргэлжилж байна. Захын подвальд байрлах агуулахын түрээслэгчидтэй уулзаж, бараа нь олгож байна. Баруун болон зүүн хэсэг онцгой байдлын албаныхан аюулгүй болгох ажиллагааг гүйцэтгэж байна. Нурж магадгүй тааз болон төмөр карказуудыг буулгаж байна. МХЕГ-аас буулгах ёстой гэдэг зааварчилгаа өгсөн. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн Нарантуул захын цагдаагийн хэлтсийн байранд түрээслэгч нарыг хохирогчоор тогтоох болон санал хүсэлтийг сонсох ажил явагдаж байна. Өнгөрсөн өдрүүдэд бараа материалыг таниулах арга хэмжээ явагдсан. 140 гаруй хүн мөрдөн байцаагч нартай хамтран өөрийн лангуун дээр таниулах ажил хийсэн.
-Хүний цогцос олдсон гэсэн. Шинжилгээгээр тогтоогдсон уу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр “хүүхэд гэсэн”, “3-4 хүний цогцос олдлоо” андуу ташаа мэдээлэл цацагдаад байна. Ийм зүйл байхгүй. Энд ажилладаг 53 настай О гэгч эмэгтэй болох нь тогтоогдсон. Ямар байдлаар ийнхүү тус газар орж амиа алдсан талаар цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.
-Их хэмжээний доллар олдсон гэсэн?
-40 мянган ам.доллар олдсон. Хоёр талынх байдлыг харж байхад гүйлгээнд оруулах нөхцөл боломж тааруу байсан.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ