Ц.Отгонбагана: Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 71 хувийг хамруулж байна

Нийслэлийн Боловсрол соёлын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.
-Сургуулийн засварын ажил өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явагдаж байна вэ?
-Нийслэлийн шуурхай удирдлагын хурал сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. 50 сургууль, цэцэрлэг дээр их засварын хэсэгчилсэн ажил хийгдэж байна. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байсан. Нийтдээ 23 сургууль, цэцэрлэгийн ажил бүрэн дууссан. Бусад ажил дундаж хувьтай байна. Өнгөрсөн хавар НИТХ-аас баталсан 25 цэцэрлэг сул өрөөг ашиглах замаар анги танхим нээх гэсэн төсөв батлагдсан. Энэ ажил 70 хувьтай явагдаж байна. Энэ долоо хоногтоо багтаж дуусаад, тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ.
-Энэ жил хэчнээн цэцэрлэг шинээр ашиглалтад орсон бэ?
-Хичээлийн шинэ жил эхлэхэд нэг цэцэрлэг ашиглалтад орж байгаа. Үүнээс гадна энэ ондоо багтаж гурван цэцэрлэг ашиглалтад орно. Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа Канад технологиор барих 17 цэцэрлэгийн тендерийн ажлын сонгон шалгаруулалт явагдаад дуусч байгаа. Энэ ажил эхэлвэл он гараад нэгдүгээр сардаа багтаад ашиглалтад орно. Цэцэрлэгийн хангамжийн асуудал хүндрэлтэй байгаа. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн насны 99500 хүүхэд байгаа. Үүнээс 71 хувийг нь хамруулж байгаа.
-59 дүгээр цэцэрлэгийн хувьд дөнгөж санхүүжилт нь ороод байна. Хэзээнээс хүүхдээ авч эхлэх вэ?
-Санхүүжилт нь хийгдсэн байгаа. Есдүгээр сарын 15-нд засварын ажлыг дуусган гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Сурагчдийн дүрэм хувцас хэзээнээс нийлүүлэгдэх вэ?
-Өнөөдрөөс эхлэн нэгдүгээр ангийн сурагчдийн дүрэмт хувцас нийлүүлэгдэж байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон Үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос сургуулиудад өгөх талаар хуваарийг гаргаж өгч байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ