Н.Энх-Амар: Саяас илүү төгрөгийн бараа байх ёсгүй гэсэн гэрээтэй юм билээ

“Нарантуул” олон улсын худалдааны төвд гал гарсантай холбогдуулан нөхцөл байдал одоо ямар байгаа талаарх мэдээллийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Н.Энх-Амараас тодрууллаа.

-Нарантуулын нөхцөл байдал ямар байна вэ, энэ галын үеэр онцгой байдлынхан хэрхэн ажилласан бэ?

-2013 оны 08 сарын 23-ны өдрийн 06 цаг 20 минутанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатаж байна гэж мэдээллэсний дагуу Онцгой байдлын газар, аврах гал унтраах анги 06.24 минутанд ирж 11.30 цагт галыг бүрэн унтрааж дууссан. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 06 цаг 30 минутанд хэргийн газрын хамгаалалтанд авсан. Гал түймрийг бүрэн унтрааж худалдааны төв болон орчны хэвийн үйл ажиллагаа, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг сахиулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны а/798 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна.

- Зооринд байсан бараа бүтээгдэхүүнийг гаргах ажил хэдэн хувьтай явагдаж байгаа вэ, бүгд зүгээр байсан гэж үнэн үү?

- Шатсан объектын орчимд байсан 22 контейнерын бараа бүтээгдэхүүнийг эздэд нь олгож дууссан бөгөөд одоогийн байдлаар зоорийн давхарт байгаа 44 павилоноос 29 павилонд үзлэг хийж мэргэжпийн хяналтын байгууллагын дүгнэлтийг гаргаж ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүнийг эздэд нь олгох ажил 80 хувьтай явагдаж байна.

- Энэ хяналт шалгалтын явцад мэргэжлийн хяналтын байгууллагыханд хандсан ямар нэгэн гомдол тэмцэл гарсан уу?

- Түрээслэгч болон ард иргэдэд болсон үйл явцын талаар бодит мэдээллийг хүргэх үүднээс түрээслэгч нартай ажлын хэсэг уулзаж мэдээлэл өгөхөөс гадна шатсан объектын гадна болон дотор талын дүрс бичлэгийг хийж түрээслэгчдэд үзүүлж үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулж буй үйл ажиллагааавсан арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлж байсан. Онцгой байдал, Мэргэжлийн хяналтынхантай холбоотой ямар нэгэн гомдол, санал, хүсэлт гараагүй.

-Энэ галыг унтрааж, аюулгүй байдлыг нь хангахад нийт хичнээн төгрөг зарцуулав?

- Уг үйл ажиллагаанд яаралтай нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн зардалд 11,9 сая, 18 ш контейнер худалдан авч тээвэрлэн байрлуулахад нийт 73,3 сая, хамгаалалтын тор байрлуулахад 3,8 сая, Цагдаагийн хамгаалалтын хяналтын камер байрлуулахад 46,9 сая, шатсан байгууламжийн сараалжин*төмөр буулгахад 12,0 сая болзошгүй бусад зардалд 20,0 сая төгрөгийг зарцуулсан. Нийт 200-аад сая төгрөг зарцуулсан. Цаашид ч энэ тоо нэмэгдэж магадгүй.

- Түрээслэгчдийн хохирлыг хэн барагдуулах вэ?

- Нарантуул захын удирдлагууд түрээслэгчидтэйгээ байгуулсан гэрээндээ “Лангуун дээрээ нэг сая хүртэлх төгрөгийн бараа байх ёстой” гэж заасан байдаг юм байна. Түүнээс их байвал ямар нэгэн гамшиг болоход Нарантуул захын захиргаа хариуцахгүй байх, бараа бүтээгдэхүүнээ даатгуулсан байхёстой гэсэн гэрээ байгуулсан байна. Одоогоор гомдол гаргаад байгаа 100 гаруй хүний тал нь даатгалд хамрагдсан байна. Үнэхээр энэ гэрээний дагуу асуулыг шийдэх бол хохирол бага гарах магадлал өндөр. Хамгийн гол нь зооринд хадгалагдаж байсан бараа бүтээгдэхүүний ихэнх нь бүрэн бүтэн байгаа болохоор хохирол бага гарах байх.

-Захын удирлагуудтай уулзсан уу, юу гэж байх юм?

- Тэднийг байцааж байгаа. Яг гал гарах үед тус захын удирдлагууд гадаадад явж байсан юм шиг байна билээ. Тэгээд галын талаар мэдэгдэхэд асуудалд жаахан удаашралтай, хойргодуу хандаж байсан нь үнэн. Одоо харин байцаалтаа өгөөд явж байна.

- Энэ удаагийн галын хохирол “Бөмбөгөр” худалдааны төв шатсан хохиролтой дүйцэхгүй гэж та үзэж байна уу?

- Огт дүйцэхгүй. Энэ удаагийн галын хохирол харьцангуй бага байгаа.

- Гал гарсан шалтгааныг хэзээ мэдээлэх вэ?

- Хэрэг гарсан шалтганыг цагдаа, тагнуулын байгууллагынхан тогтоохоор нарийн шалгалт хийж байна. Одоогоор урьдчилсан хариу гараагүй л байна. Шадар сайд Д.Тэрбишдагва хуульд заасны дагуу хамгийн богино хугацаанд буюу 14 хоногийн дотор галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохыг үүрэгдсэн.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ