П.Хэнмэдэх: Захныхаа даавууг хадаж байгаад зүү залгичихсан гэж хэлсэн

Алба хааж байсан цэрэг офицертоо дарамтлуулж, дөрвөн зүү залгисан хэрэг олон хүнийг цочирдуулаад байна. Хэрэг Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангид гарсан юм. Зүү залгисан П.Хэнмэдэх энэ сарын 19-нд яаралтай хагалгаанд орох эмчийн заавартайгаар нийслэлд ирээд Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тиймээс хүүгээс болсон явдлын талаар асууж тодрууллаа.
П.Хэнмэдэх:
-Чамд яагаад зүү залгиулах болов оо. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?
-Тэр өдөр манай дэд түрүүчийн утас нь алга болчихсон юм. Тэгээд намайг утсыг нь авсан гэж хардаад, дэслэгч Баатарт хэлнэ гэж дарамталсан. Би угаасаа тэр утсыг авах бүү хэл харж ч байгаагүй. Тэгээд тэг тэг хэл гэчихсэн.Улмаар Баатар дэслэгч намайг өрөөндөө оруулаад суниалгаж, шанаадаж, элэг рүү өшиглөж, дэд түрүүчийн утсыг гаргаж өг гэж нэхсэн. Би утсыг нь аваагүй гэдгээ хэлсэн ч гаргаж өг гээд зодоод байсан. Намайг хардах болсон нь тухайн өдөр дэд түрүүчтэй хамт харуул, хамгаалалтад гарч, манаанд хоносон болохоор хардсан байх. Би сүүлдээ дэслэгчийг дуудахаар айгаад хөл, гар чичирдэг болчихсон байсан. Тэр утас нь олдоогүй гэсэн.
-Өмнө нь зодож байсан уу?
-2-3 удаа дуудаж зодсон. Хамгийн сүүлийн зодолт дээрээ зүү залги гээд залгиулсан. Яг дөрвөн зүү залги гэхээр нь би айсандаа залгичихсан. Тэгээд айгаад хэнд ч хэлэлгүй хоёр гурав хоносон.Эхлээд гайгүй байсан чсүүлдээ гэдсээр хатгуулаад өвдөж эхэлсэн. Тэгэхээр нь ангийнхаа удирдлагуудад хэлсэн. Гэхдээ дахиад зодох байх гэж айгаад захныхаа даавууг хадаж байгаад зүү залгичихсан гэж хэлсэн. Гэхдээ маш их өвдөөд тэвчихээ больсон учир аавдаа үнэнээ хэлсэн. Ингээд аав мөн ангийн дарга нар намайг Улаангом уруу авч яваад эхо-д харуулсан. Тэгсэн залгисан дөрвөн ширхэг зүүний маань нэгэн ч гараагүй байсан. Эмч эхо-д хараад дөрвөн ширхэг зүү байна, хот уруу яаралтай хагалгаанд ор гэсэн.
-Замын зардлыг та нар өөрсдөө гаргасан юм уу. Хагалгааны зардлыг ангийн удирдлагууд чинь гаргана гэхгүй байна уу?
- Манай гэрийнхэн наашаа ирэхзардлын мөнгийг гаргасан. Харин хагалгааны зардлыг хэн гаргахыг би сайн мэдэхгүй байна. Их л өвдөж байна. Хагалгаанд удахгүй орох байх.
-Хотод ирснээс чинь хойш ангийн удирдлагуудаас ирж уулзаж, холбоо барьсан уу?
-Энд ирснээс хойш хэн ч асууж сураглаагүй. Аавтай л ярьсан байж магадгүй.
Хүүгийн аав А. Пүрэв-Очир:
-Ангийн удирдлагууд нь тантай уулзав уу?
-Штабын дарга нь надтай уулзсан. Миний хувьд энд эмнэлгийн улсуудтай л их уулзаж байна. Хамгийн гол нь хүүгээ хурдхан хагалгаанд оруулж, эдгээж авах талаар л асуудал тавьж байгаа. Эмч нар зүүг гарчихна. Хэд хоног эмчилгээг нь хийгээд харж байя л гэж хэлсэн.
-Хүүг тань үзсэн эмч нар юу гэж байна?
-Энд ирээд хүүгээ долоо хоног харж байна. Эмч нар хэлэхдээ өнөө маргаашгүй хагалгаанд оруулна гэж хэлсэн. Хүүхэд чинь дөрвөн зүү залгисан, нэг нь доор байна, нөгөө гурав нь дээрээ хөдөлгөөнтэй байна гэсэн. Тэгэхээр хагалгаанд ороход зүү хөдөлгөөнгүй байх ёстой юм байна. Задлаад хагалгаа хийх үед зүү хөдөлж байвал олдохгүй байдаг гэсэн. Ер нь бол энд тэнд хатгагдаж байж л хөдөлгөөнгүй болох юм билээ. Тиймээс зүү хөдөлгөөнгүй болохыг хүлээж байна.
-Наашаа ирэх зардлыг та нар өөрсдөө гаргасан юм байна шүү дээ?
-16-нд наашаа гарах шаардлгатай болсон. Гэтэл онгоцны билет олдохгүй Улаангомд нэг хоносон. Гэхдээ мэдээж хүүгийнхээ төлөө ийш тийшээ утас цохиж байгаад хүнд мөнгө шилжүүлж байж билет олж авсан. Харин наашаа ирсний дараа штабых нь дарга нар зардлыг нь авч ирж өгсөн.
-Таны хүү өмнө нь зодуулж байгаа талаараа хэлж байв уу?
-Би цэрэгт очсоноос нь хойш гурван удаа очсон. Энэ бүрт л дарамт, зодуур байгаа нь ажиглагдаж байсан. Учир нь нүд нь хөхөрсөн, биед нь зодуурны сорвиуд байдаг байсан. Би ч энэ бүхнийг нь ангийн удирдлагуудад нь хэлвэл дахиад л дарамт үүсэх байх гэж бодоод өнгөрдөг байв. Харин одоо бол дуугүй байж чадахгүй. Арай ч дэндсэн асуудал болж байна шүү дээ. Цэрэгт хааяа нэг цохиулж барих асуудал байлгүй яахав. Гэхдээ зүү хүртэл залгиулна гэдэг байж боломжгүй юм.
-Холбогдох газруудад нь гомдол гаргасан уу?
-Ямар ч байсан хүүгээ хагалгаанд оруулна. Ямар үр дүн гарахыг харна даа. Тэгээд мэдээж цагдаа шүүхэд нь гомдол гаргаад явна. Увсад л очиж хэргийг шийдүүлэх юм шиг байна лээ. Би судалж үзсэн. Хүүгээ буцааж цэрэгт явуулахгүй. Хүүгээ эсэн мэнд дээр нь энэ цэргийн амьдралаас л салгаж авна.
-Хүүг тань зодож, дарамталж, зүү залгиулсан Баатар дэслэгч тантай уузсан уу?
-Үгүй ерөөсөө уулзаагүй. Угаасаа тэр хүн уулзаад өөрийгөө зөвтгөсөн юм л хэлнэ шүү дээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ