Ньюком V ДЦС-ыг барих тендерт ялав

Шинэ Тавдугаар дулааны цахилгаан станц (ДЦС-5)-ийг Улаанбаатар хотноо барьж байгуулах, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концесын тендерт Монгол Улсын Ньюком ХХК болон түүнтэй хамтран оролцсон компаниудын түншлэлийг ялагчаар дахин тодруулж, өнөөдөр Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн яам болон Эрчим Хүчний яамдууд тус түншлэлтэй Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тендерт оролцож шалгарсан энэхүү түншлэлийг дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч групп болох Францын Жи Ди Эф Суэз, Японы тэргүүлэх 6 том худалдааны корпорациудын нэг Сожитц, дэлхийн томоохон гангийн үйлдвэрлэгч БНСУ-ын Поско группын Эрчим хүчний салбарыг хариуцдаг Поско Энержи болон Салхитын 50 МВт-ын салхин цахилгаан станцыг энэ онд ашиглалтанд оруулан амжилттай ажиллуулж буй Ньюком ХХК хамтран бүрдүүлжээ.

Нийт 450 МВт суурилагдсан хүчин чадалтай энэхүү ДЦС нь эрчим хүчний хэмнэлттэй эргэлдэгч буцламтгай шаталтат технологийг ашиглах юм. Ингэснээр эрчим хүчний нийлүүлэлтийн найдвартай, тогтвортой байдалд нөлөөлөхгүйгээр бага түлш зарцуулан хүхрийн давхар эсэл, азотын эсэл болон бусад хорт бодисын ялгаруулалтыг одоогийн ДЦС-тай харьцуулахад асар ихээр бууруулах юм. Монгол Улс байгалийн эрс тэс, хатуу уур амьсгалтай тул дулааны болон цахилгаан эрчим хүчний аюулгүй, баталгаат байдал нь үндэсний аюулгүй байдал, хүн амын ая тухтай амьдралын суурь нөхцөл болдог. Одоогийн ДЦС-уудын тоног төхөөрөмж, технологи хуучирч элэгдсэн байгаа энэ үед ДЦС-5-ийг барьж байгуулах нь хурдтай өсөж буй Монголын эдийн засагт найдвартай, үр ашигтай эрчим хүчийг нийлүүлэх онцгой ач холбогдолтой билээ. ДЦС-5 нь 2017 онд ашиглалтанд орно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ