Улсын начин Б.Одхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Улсын начин Б.Одхүүгийн гаргасан гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард бусдын биед гэмтэл учруулж, танхайрсан хэрэгт буруутган Хан-Уул дүүргийн шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар буруутган ялласан юм. Гэвч Б.Одхүү начин анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан.
Хэргийг сануулбал, Б.Одхүү нь 2012 оны арванхоёрдугаар сарын 14-ний 21.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах "Моннис Пропертиес" ХХК-ийн албан байрны нэгдүгээр давхарт байрлах "Гарден" рестораны эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд улсын заан Ц.Баярсайханыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан юм. Мөн ресторанд байсан иргэдийг элдэн хөөж, тэдний араас шилэн аяга шидэж мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж давтан танхайрч байсан билээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ