"Нарантуул"-ын хэрэгт холбогдуулан долоон хүнийг цагдан хорьжээ

2013 оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсаны улмаас 53 настай О гэгч эмэгтэй хүн шатаж нас барсан мөн тус захад үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нарын хүнсний болон бусад бараа материал шатаж бусдад онц их хэмжээний хохирол учирсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ.
Энэ үйлдэлд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганбаатар эрүүгийн 201301022504 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хяналтын прокурор Л.Батгэрэл, Д.Дамдинсүрэн нар хяналт тавин ажиллаж байна. Мөн Нийслэлийн Засаг дарга захирамж гарган “Нарантуул” Олон улсын худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм байна.
Хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа боловч галд хамрагдсан объектийн талбайн хэмжээ том, агуулахад хохирогч нарын маш их хэмжээний бараа байгаа бөгөөд түүнийг тоолох, хохирлыг тогтоох зэрэг ажиллагааг явуулж байгаа тул хэргийн газрын үзлэг үргэлжилж байна.
Одоогийн байдлаар хэрэгт холбогдуулан долоон хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьж, 16 хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцаалт авч, гал гарч байсныг харсан болон “Нарантуул” ОУХТ-ийн удирдлага менежер, зохион байгуулагч, ажилчид зэрэг гэрчүүдийг байцаах зэрэг мөрдөн байцаалтын шаардлагатай ажиллагаануудыг цаг алдалгүй шуурхай явуулж байна. Түүнчлэн хэргийн газрын үзлэг дуусаагүй байгаа бөгөөд шатсан барилгын нурсан дээвэр хуулалтын ажиллагаа явагдаж байгаа юм.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ