ДАШТ-д Монгол Улс 123 орноос нэгт бичигдэж байна

Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо өчигдөр эхэлж, Монголын тамирчид эхний өдөр дэлхийн шинэ аваргаа өлгийдөн авлаа. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд медальтнууд тодорсон бөгөөд 48 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жингийнхээ ангилалд аваргалж, эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн боллоо.
Мөн энэ жинд зодоглосон ОУХМ Г.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаарт байрт шалгарлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилт дүүрэн эхлүүлсэн Монголын жүдочид тэмцээний эхний өдөр алт, мөнгөн медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр дэлхийн 123 орны тэргүүнд бичигдэж байна. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу болж байгаа.
Монголын жүдо бөхийн түүхэнд дэлхийн аварга анхны эмэгтэй жүдоч болсон М.Уранцэцэг дэлхийн аваргын татамид 48 кг-ын жинд В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны жүдоч Марина Кротыг цэвэр, дараагийн барилдаандаа Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр ялж дараагийн учраа бөх Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ.
Ингээд дараагийн барилдаанааБразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аварга тамирчныг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж, Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн болов.
Тэрээр Монголоос төрсөн анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч болж байгаа нь энэ юм. Харин дэлхийн аваргын татамигаас хүртсэн хоёр дахь алтан медалийн эзэн болж байгаа. Өмнө нь 2009 онд Голландад болсон ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар аваргын алтан медаль хүртэж байсан. ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Д.Амартүвшингийн тухайд БНАСАУ-ын тамирчин Ян Хьёк-Чол, Морокко улсын тамирчин Яссин Моудатир, Австрийн Людвиг Пайшер нарыг ялж, улмаар хэсгийн аварга төлөө нутгийн жүдоч Г.Болдбаатартай таарсан.
Дэлхийн аваргын дэвжээнд учраа таарсан тэдний барилдаанд Д.Амартүвшин ялснаар хэсгийн аварга болжээ. Ингээд Д.Амартүвшин хагас шигшээ барилдаанд Гүржийн Амиран Папинашвилиг цэвэр ялж, аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч, 2009 оны өсвөрийн дэлхийн аварга Наохиса Такатод ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Г.Болдбаатарын тухайд торгуулийн барилдаанд Казахстаны Асхат Телмановыг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Вон Жинд вазари үнэлгээгээр дийлдэв.
Мөн өчигдөр ДАШТ-ий дэвжээнд өрсөлдсөн Г.Отгонцэцэг 48 кг-ын жинд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын жүдоч Алексия Кузнецовад ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. Монголын жүдочдоос 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа нар барилдах бол 52 кг-ын жинд МУГТ М.Бундмаа, ОУХМ А.Цолмон нар хүч үзнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ